Нийтэлсэн өдөр: 2021.03.21, ням
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Энэ өдөр газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор байгууллага, аж ахуйн нэгжүүд гамшгийн бэлэн байдалд шилжих, өөрийгөө болон бусдыг хамгаалах дадлага, сургуулилт хийж аюулгүйн талбайд цуглардаг уламжлалтай.
Энэ жилийн “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” 2021 оны 3 дугаарын сарын 24-ний өдөр буюу энэ Лхагва гарагт тохиож байна. Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлаас үүдэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаас зайлсхийж олон нийтийн цахим сүлжээнд нөлөөллийн ажил өрнүүлэх юм.
Уг ажлын хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгал, гамшгийн удирдлагын газраас “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-т зориулж Газар хөдлөлтийн үеийн аюулгүй байдлын менежмент, Газар хөдлөлтийн баллын шатлалын мэдээлэл, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, өрхийн бэлэн байдлын багцын талаарх мэдээ, мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэн ажиллаж байна. Энэхүү дадлага нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.