Нийтэлсэн өдөр: 2021.03.18, пүрэв
Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Urban Hub-ын дэмжлэгтэй хэрэгжиж буй “Хөдөө орон нутгаас шилжин ирсэн гэр бүлийн гамшгийн эрсдэлийг даван туулах чадавх болон амьжиргааг дэмжих" төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэх, бизнесийн чиг баримжаа олгох” сургалт Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороон дээр эхэллээ. Дүүргээс сонгогдсон шилжин суурьшигч 15 өрхийн гишүүдийг чадавхижуулах, арга зүйн дэмжлэг олгох сургалт 2 өдөр үргэлжлэх юм. Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ийнхүү 2 хэсэгт хувааж, халдвар хамгааллын дэглэмийг сахин сургалтаа явуулж байна.
Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Нийгийн халамж, оролцоог дэмжих хөтөлбөрийн ажилтан Г.Нарангоо, Жижиг дунд үйлдвэрлэл худалдааны нэгдсэн холбооны сургагч багш О.Итгэл нар удирдан явуулж байна. Оролцогчид сургалтаар жижиг, дунд бизнес эрхлэх санхүүгийн төлөвлөлт боловсруулах, төсөл бичих аргачлал, Гамшгийн эрсдэлийг даван туулах, өрхийн бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах аргачлалд суралцах юм.