Нийтэлсэн өдөр: 2021.02.24, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэгийн хоёр жил тутам зохион байгуулдаг “Түншлэл” олон улсын уулзалт 2 дугаар сарын 24-ний өдөр цахимаар хуралдав.
Цахим хуралд УИХ-ын гишүүн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд А.Ариунзаяа, Олон Улсын Улаан загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Ази Номхон далай Бүсийн захирал Александер Мэтью, Олон Улсын Улаан Загалмай Хорооны Зүүн Азийн Бүсийн төлөөлөгчийн газрын дарга Жак Пеллет, Олон Улсын Улаан загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооны Ази Номхон далай Бүсийн орлогч захирал, Зүүн Өмнөд Азийн бүсийн Гвендолин Панг, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, БНХАУ, Их Британи, Финлянд, Итали, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улсын Улаан загалмай нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, яам, агентлагын төлөөлөгчид оролцлоо.
“Түншлэл” олон улсын цахим хурлын гол зорилго нь Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааны шинэ сорилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, стратегийг тодорхойлоход чиглэв. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Стратеги-2030 төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход дэмжлэг үзүүлж, үр дүнд суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөтөлбөр төсөл, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой уулзалт боллоо.
Цахим хурлын үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Коронавируст халдварын цар тахлын нийгэм эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө, түүнийг даван тулахад хүмүүнлэгийн байгууллагын үүрэг оролцоо, МУЗН-ийн стратегийн зорилтууд ба хэрэгжүүлэх арга зам, Үндэсний нийгэмлэгийн Тогтвортой байдлыг хангах чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Мөн Уур амьсгал, гамшгийн удирдлагын газрын дарга Ш.Мөнгөнтуяа, Эрүүл мэнд ба нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин илтгэл тавьж, хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав.