УБТЗ-ын Төв эмнэлэгт амьсгалын аппарат хүлээлгэн өгөв

Нийтэлсэн өдөр: 2021.01.15, баасан


БНХАУ-ын Тээврийн яам, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүсэлтийн дагуу БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Төв эмнэлэгт коронавируст халдварын цар тахлын үед ашиглах 197 сая төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг амьсгалын аппаратыг 2021 оны 1 сарын 15-ны өдөр хүлээлгэн өглөө.

Амьсгалын аппарат хүлээлгэн өгөх ёслолд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Жан Мүшин, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, УБТЗ-ын Төв эмнэлгийн дарга С.Еркегул нар оролцсон юм.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Төмөр замын салбарын нийт ажилчдын өмнөөс БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олонд баярлалаа. Дэлхий дахинд тархсан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр идэвхи, санаачлагатай ажиллаж байгаа Монголын улаан загалмай нийгэмлэгт талархал илэрхийлье. Энэхүү амьсгалын аппарат нь манай төмөр замын эмнэлэгт нэн тэргүүний чухал хэрэгцээтэй гэдгийг онцолъё. Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан Шуурхай бүлэг богино хугацаанд “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн халдварыг таслан зогсоож, Монгол Улсын төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хэвийн байдалд оруулж чадлаа. Цаашид бид илүү сонор, сэрэмжтэй ажиллах болно.” гэв.