Зорилтот бүлгийн 100 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны хандив өглөө

Нийтэлсэн өдөр: 2020.08.28, баасан


Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дэргэд “Сайн дурын идэвхтний төв”-ийг өнгөрсөн 5 сарын 8-ний өдөр байгуулсан.   Уг төвд сайн дурын ажил хийхээр бүртгүүлсэн хүүхэд, залуучууд хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх ажилд гар бие оролцож эхэллээ. Тухайлбал, хичээлийн шинэ жилтэй холбогдуулан “Нэг сэтгэл-Нэг хүсэл”, “Боловсролд ангилал хамаагүй” зэрэг сайн үйлсийн аян зохион байгуулав. Аяны хүрээнд хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, цүнх болон сурагчийн дүрэмт хувцас цуглуулж, Баянзүрх, Сонгинохайран, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн амьдралын баталгаажих төвшнээс доогуур орлоготой, зорилтот бүлгийн нийт 100 гаруй хүүхдэд өнөөдөр гардуулан өглөө. Мөн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлэгч 16 хүүхдэд тус тус  хандивласан юм.

 Хүүхэд, залуучууд үе тэнгийн найз нөхдөө хичээлийн хэрэгслийн тусламж үзүүлсэн  Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дэргэдэх Сайн дурын идэвхтний төвийн гишүүн хүүхэд, залуустаа баярлалаа.

Дашрамд дуулгахад, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дэргэдэх Сайн дурын идэвхтний төв байгуулагдснаас хойш 100 гаруй хүүхэд, залуучууд бүртгүүлснээс энэхүү аянд 70 орчим хүүхэд нэгдээд байна.