Нийтэлсэн өдөр: 2018.11.15, пүрэв
Ази номхон далайн бүсийн Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэгүүдийн дунд бүсийн хурал 4 жил тутам зохион байгуулагддаг бөгөөд 10 дахь удаагийн хурал Филиппин улсын Манила хотод 2018 оны 11 дүгээр сарын 11-14-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хуралд Ази номхон далайн бүс болон Ойрх Дорнодын нийт 50 гаруй орны 380 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монголын улаан загалмай нийгэмлэгийг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан баг, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн нар оролцлоо.
Энэ удаагийн хурлаар 2014 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан 9 дэх удаагийн бүсийн хурлын “Инновацийн төлөөх Бээжингийн уриалга” баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнаж, “Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд орон нутгийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих нь” сэдвийг хэлэлцэв. Даван туулах чадавхийг 1 тэрбум хүнд хүргэх, хүмүүнлэгийн боловсрол, бэлэн мөнгөний хөтөлбөр, хүйсийн тэгш байдал хамгаалал, хамтын ажиллагаа түншлэл, тогтвортой байдал зэрэг 13 салбар хуралдаан зохион байгуулагдсан бөгөөд тус хуралдааны шийдвэр “Манилагийн тунхаглал” баримт бичигт тусгагдаж, бүс нутгийн Улаан Загалмай Улаан Хавирган Сар нийгэмлэгүүд ирэх 4 жилд тэргүүлэх чиглэлээ сонголоо. МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Даван туулах чадавхийг 1 тэрбум хүнд хүргэх нь” салбар хуралдааныг удирдан зохион байгуулав.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь хөтөлбөр, үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх зорилгоор үзэсгэлэн гарган сурталчлав.
Мөн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Австрали, Их Британи, БНСУ, БНХАУ, Япон, Итали, Финлянд, Кувейт зэрэг улсын үндэсний нийгэмлэгүүдтэй хоёр талт уулзалтууд зохион байгуулж санал солилцов.