Нийтэлсэн өдөр: 2018.08.22, лхагва
МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд анхны тусламжийн сургагч бэлтгэх 80 цагийн 10 хоногийн сургалт өнөөдөр өндөрлөж байна. МУЗН-ийн Дунд шатны хороодын 23 улаан загалмайч энэхүү сургалтад суралцаж төгсөв.
Энэ удаагийн сургалтыг Изриалийн Улаан талст нийгэмлэгийн анхны тусламжийн сургагч багш Хайм Рафаловский, Лаист Итамар болон МУЗН-ийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн ахлагч Б.Гантулга нар зохион байгуулсан юм.
Энэ удаагийн сургалтын хөтөлбөр танхимын гэхээсээ илүү тохиолдолд тулгуурласан дадлага ажилд чиглэжээ. Өөрөөр хэлбэл, анхны тусламж үзүүлэх тохиолдол бүрийг дадлага ажлаар суралцаж байгаа нь илүү үр дүнтэй хэмээн үзэж байна.
Бээжин дэх Изриалийн Элчин сайдын яам энэхүү сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн юм.
Сургалтын хаалтын үйл ажиллагаанд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ОУУЗУХСНХ-ны Бээжин дэх бүсийн зохицуулагч Гвиндолин Пан болон Бээжин дэх Изриалийн Элчин сайдын орлогч Жонатан болон тус яамны Монгол Улсыг хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Рони Абрамсон нарын хүмүүс оролцлоо.
Сургалтын хаалтын ажиллагааны үеэр суралцагчид гурван багт хуваагдан анхны тусламж хэрхэн үзүүлж буй үзүүлэх сургалтыг хийсэн. Тухайлбал, цахилгааны утсыг санамсаргүй барьж авсны улмаас цахилгаанд цохиулсан тохиолдол болон барилгын аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөөгүйгээс гараа тайруулсан хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэхийг жүжигчлэн харуулж байв.
Суралцагчид сургалтаар юу сурсан цаашид сурсан мэдсэн зүйлээ хэрхэн бусдад түгээх талаар сэтгэгдлээ илэрхийлж, энэ удаагийн сургалт олон улсын төвшинд зохион байгуулагдсанд талархаж буйгаа илэрхийлж байв.
Мөн Изриалийн Улаан талст нийгэмлэгийн сургагч багш нар МУЗН-тэй хамтран ажиллаж, цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсандаа талархал илэрхийлж, сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байна гэв.