Нийтэлсэн өдөр: 2018.08.15, лхагва
Олон нийтийн төвшинд аливаа осол гэмтэл, гэнэтийн өвчлөлийн үед анхны тусламж үзүүлэх чадвартай, хандлагатай болох нь МУЗН-ийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн томоохон зорилт юм. Энэ зорилтын хүрээнд МУЗН-ийн Дунд шатны 23 хороодын анхны тусламжийн сургагч багш нарыг чадавжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Энэ сарын 13-22 хооронд болох сургалтыг Изриалийн Улаан талст нийгэмлэгийн анхны тусламжийн сургагч багш нар болон МУЗН-ийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн багийн ахлагч Б.Гантулга нар чиглүүлэн явуулж байна. Өнгөрсөн жилээс МУЗН нь Изриалийн Улаан талст нийгэмлэгтэй хамтран анхны тусламжийн сургагч багш бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн.
Изриалийн Улаан талст нийгэмлэг анхны тусламжийн сургагч багш бэлтгэх, сургалт зохион байгуулах талаар бусад үндэсний нийгэмлэгүүдтэй харьцуулахад өндөр хөгжсөн юм. Тус нийгэмлэг нь улс орныхоо хэмжээнд анхны тусламж үзүүлэхэд тэргүүлэх төвшинд ажилладаг төдийгүй дэлхийн олон орны үндэсний нийгэмлэгийн анхны тусламжийн сургагч багш нарыг бэлтгэж ажилладаг ажээ.
Энэ удаагийн сургалтын хөтөлбөр танхим сургалтаас гадна тохиолдолд тулгуурласан дадлага ажилд чиглэжээ. Өөрөөр хэлбэл, анхны тусламж үзүүлэх тохиолдол бүрийг дадлага ажлаар суралцаж байгаа нь илүү үр дүнтэй хэмээн үзэж байна.
МУЗН-ийн Дунд шатны хорооны 23 улаан загалмайч Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны анхны тусламж үзүүлэх сургагч багш гэсэн гэрчилгээтэй төгсөх юм.