2026-08-24

COP17 БАГА ХУРЛЫН АРД: Цэнхэр бүс дэх сайн дурын ажилтнуудын сэтгэгдэл
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байгаа бөгөөд тэдгээрээс 200 гаруй нь Цэнхэр бүсэд үүрэг гүйцэтгэж байна.
COP17-ын Цэнхэр бүс нь албан ёсны хэлэлцээ, өндөр түвшний уулзалт, сайд нарын яриа хэлэлцүүлэг болон улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн үйл ажиллагаа төвлөрдөг гол талбар юм. Тус бүсэд зөвхөн албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн оролцогчид нэвтрэх боломжтой бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн тэсвэржилт зэрэг асуудлаар олон улсын бодлого, шийдврийг хэлэлцэж байна. Харин энэхүү чухал бүсийн үйл ажиллагааг хэвийн явуулахад сайн дурын ажилтнуудын оролцоо ч чухал үүрэгтэй.
Тиймээс энэ удаагийн нийтлэлээр бид COP17-ын Цэнхэр бүсэд ажиллаж буй 10 сайн дурын ажилтны төлөөлөлтэй ярилцаж, тэдний хийж буй ажлын туршлага, сэтгэгдлийг хуваалцаж байна.
Б.AМИНАА: REGISTRATION ZONE
"Намайг Аминаа гэдэг. Би энэ жил МУИС-ийн ботго болж байгаа (1-р түвшний оюутан). COP17 шиг дэлхийн өндөр түвшний олон улсын арга хэмжээнд сайн дурын ажилтнаар сонгогдон ажиллаж байгаа нь миний хувьд маш их бахархал, хариуцлага хосолсон онцгой туршлага болж байна. 190 гаруй орны төлөөлөгч нартай нэг орчинд ажиллаж, олон улсын томоохон арга хэмжээ хэрхэн зохион байгуулагддаг зэргийг дотроос нь мэдэрч, их зүйл сурч байна. Хамгийн гол нь би Монгол улсаа төлөөлж байгаа нэгэн гэдгээ илүү ихээр мэдэрч, хийж буй ажилдаа хариуцлагатай хандахыг хичээж байгаа. Энэ хугацаанд багаар ажиллах, хүмүүстэй зөв харилцах, аливаа нөхцөлд хурдан шийдвэр гаргах, цаг баримтлах, хариуцлагатай байх зэрэг олон чадвараа хөгжүүлж байна. Ирээдүйд олон улсын чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзэл, урам зоригийг бадрааж, хуримтлуулсан туршлага минь цаашдын маш том алхам болж өгч байгаа гэж бодож байна. Миний хувьд залуус бол байгаль орчны асуудлын ирээдүйн эзэд төдийгүй өнөөдрийн үзэгч биш, өөрчлөлтийн эхний мөрөнд зогсох хөдөлгөгч хүч гэж боддог. Залуусын оролцоо жижиг биш, залуучууд бид нэгдэхэд том өөрчлөлтийн эхлэл нь болж чаддаг юм шүү."
2026-08-24
2026-08-24