COP17 БАГА ХУРЛЫН АРД: Цэнхэр бүс дэх сайн дурын ажилтнуудын сэтгэгдэл

2026-08-25

COP17 БАГА ХУРЛЫН АРД: Цэнхэр бүс дэх сайн дурын ажилтнуудын сэтгэгдэл

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байгаа бөгөөд тэдгээрээс 200 гаруй нь Цэнхэр бүсэд үүрэг гүйцэтгэж байна.

COP17-ын Цэнхэр бүс нь албан ёсны хэлэлцээ, өндөр түвшний уулзалт, сайд нарын яриа хэлэлцүүлэг болон улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн үйл ажиллагаа төвлөрдөг гол талбар юм. Тус бүсэд зөвхөн албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн оролцогчид нэвтрэх боломжтой бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн тэсвэржилт зэрэг асуудлаар олон улсын бодлого, шийдврийг хэлэлцэж байна. Харин энэхүү чухал бүсийн үйл ажиллагааг хэвийн явуулахад сайн дурын ажилтнуудын оролцоо ч чухал үүрэгтэй.

Тиймээс энэ удаагийн нийтлэлээр бид COP17-ын Цэнхэр бүсэд ажиллаж буй 10 сайн дурын ажилтны төлөөлөлтэй ярилцаж, тэдний хийж буй ажлын туршлага, сэтгэгдлийг хуваалцаж байна.

О:ЭРДЭНЭ-C ZONE БОЛОН НЭМЭЛТ ТУСЛАМЖИЙН БАГ

"Сайн байцгаана уу. Намайг Эрдэнэ гэдэг. Финланд улсад суралцдаг оюутан. Би C бүс болон нэмэлт тусламжийн багийн гишүүнээр ажиллаж байна. COP17-д сайн дурын ажилтнаар оролцож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг, бас маш сайхан боломж болж байна. Энд зохион байгуулалтын түвшин үнэхээр өндөр байна. Миний өмнө нь оролцож байсан бусад томоохон арга хэмжээнүүдээс маш их ялгарч, онцгой санагдаж байгаа. Зохион байгуулагчдын баг логистик болон үйл ажиллагаатай холбоотой олон нарийн асуудлыг маш сайн зохицуулж байгаа учраас бид сайн дурын ажилтнууд өөрсдийн хариуцсан үүрэгтээ бүрэн төвлөрч ажиллаж байна. Мөн удирдлагын багтаа маш их талархаж байгаа. Хэдийгээр ажлын цаг урт, ачаалал ихтэй байгаа ч бидний эрүүл мэнд, тав тухыг байнга анхаарч, шаардлагатай үедээ амарч, эрч хүчээ нөхөхийг тогтмол сануулж, дэмжиж байгаа нь талархууштай байна."