COP17 БАГА ХУРЛЫН АРД: Цэнхэр бүс дэх сайн дурын ажилтнуудын сэтгэгдэл

2026-08-26

COP17 БАГА ХУРЛЫН АРД: Цэнхэр бүс дэх сайн дурын ажилтнуудын сэтгэгдэл

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байгаа бөгөөд тэдгээрээс 200 гаруй нь Цэнхэр бүсэд үүрэг гүйцэтгэж байна.

COP17-ын Цэнхэр бүс нь албан ёсны хэлэлцээ, өндөр түвшний уулзалт, сайд нарын яриа хэлэлцүүлэг болон улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн үйл ажиллагаа төвлөрдөг гол талбар юм. Тус бүсэд зөвхөн албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн оролцогчид нэвтрэх боломжтой бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн тэсвэржилт зэрэг асуудлаар олон улсын бодлого, шийдврийг хэлэлцэж байна. Харин энэхүү чухал бүсийн үйл ажиллагааг хэвийн явуулахад сайн дурын ажилтнуудын оролцоо ч чухал үүрэгтэй.

Тиймээс энэ удаагийн нийтлэлээр бид COP17-ын Цэнхэр бүсэд ажиллаж буй 10 сайн дурын ажилтны төлөөлөлтэй ярилцаж, тэдний хийж буй ажлын туршлага, сэтгэгдлийг хуваалцаж байна.

Б. ТӨМӨРХҮҮ-ТӨВ ШТАБ

"Сайн байцгаана уу, намайг Б.Төмөрхүү гэдэг. Би 20 настай. Одоогоор Турк улсад Олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг 2-р курсын оюутан.

Монгол Улсад анх удаа 197 орон оролцож байгаа ийм том хэмжээний олон улсын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь миний хувьд маш онцгой санагдаж байна. Миний мэргэжил өөрөө олон улсын харилцаатай холбоотой учраас эндээс суралцаж, өөрийн биеэр туршлага хуримтлуулахаар сайн дурын ажилтнаар оролцож байна.

Одоогоор би Төв штаб буюу Төв захиргааны хэсэгт ажиллаж байгаа. Зохион байгуулагч ах, эгч нар маань бидний хэрэгцээ, тав тух, хоол унд болон ээлжийн зохицуулалтад маш сайн анхаарч, үргэлж дэмждэг учраас ажиллахад тухтай сайхан байдаг. Бид ч гэсэн үүнийг нь хүндэтгээд ирсэн зочдыг хамгийн сайхнаар угтан авч, чадах бүхнээрээ туслахыг хичээж байна.

Сайн дурын ажил хийхийн хамгийн сонирхолтой нь маш олон орны хүмүүстэй уулзаж, өөр соёл, үзэл бодолтой танилцах явдал юм. Өмнө нь сонсож байгаагүй орнуудаас хүртэл хүмүүс ирсэн нь их сонирхолтой санагдсан.

Бидний хийж байгаа жижигхэн тусламж, дэмжлэг цаашдаа илүү том өөрчлөлтийн нэг хэсэг болно гэж бодохоор маш их урам авдаг. Залуу байхдаа эх орондоо зохион байгуулагдаж буй ийм том арга хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаадаа үнэхээр баяртай бас бахархаж байна."