Зүүн азийн залуучуудын сүлжээний уулзалт болж байна

2026-07-18

Зүүн Азийн Улаан загалмайн Хүүхэд, Залуучуудын Сүлжээний уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Зүүн Азийн Хүүхэд, Залуучуудын Сүлжээ нь (EAYN) Ази, Номхон далайн бүсийн дэд бүсийн залуучуудын сүлжээ бөгөөд залуучууд хоорондоо идэвхтэй харилцах, холбоо тогтоох, тогтмол мэдээлэл солилцох нэгдсэн талбар болдог.

Мөн сайн дурын идэвхтнүүдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх, залуучуудын чадавхыг нэмэгдүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан юм.

Сүлжээний уулзалтын нээлтийн ажиллагаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа оролцож үг хэллээ.

Тэрээр, хэлсэн үгэндээ, “Өнөөдөр дэлхий нийтэд дайн, зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн олон сорилт тулгарч байна. Ийм нөхцөлд хүүхэд, залуучууд зөвхөн ирээдүйн манлайлагчид бус, өнөөдрийн өөрчлөлтийг бүтээгчид, хүмүүнлэгийн үйл ажиллагааны идэвхтэй оролцогчид болж байна. Та бүхний эрч хүч, шинэ санаа, бүтээлч оролцоо дэлхий нийтийн ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хүүхэд, залуучуудын хөгжлийг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийн нэг болгон ажиллаж ирсэн. Манай сайн дурын хүүхэд, залуус гамшгийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүмүүнлэгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон чиглэлээр орон нутаг, олон нийтэд үр дүнтэй ажиллаж байна. Энэхүү уулзалтын үеэр та бүхэн шинэ санаа, шинэлэг туршлага, хамтын ажиллагааны боломжуудаа хуваалцаж, бүс нутгийн хүүхэд, залуучуудын сүлжээг улам бататгана гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр бий болох шинэ нөхөрлөл, хамтын ажиллагаа нь ирээдүйд илүү хүчирхэг, хүртээмжтэй хүмүүнлэгийн үйл ажиллагааны үндэс болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцоллоо.

Залуучуудын манлайлал болон Үндэсний нийгэмлэгүүдийн хүүхэд, залуучуудын оролцоонд тулгуурласан тус сүлжээ нь сайн дурын идэвхтэн хүүхэд,залуучуудын санаачилсан үйл ажиллагааг дэмжих, тэднийг бүх түвшний шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцох боломж, чадавхаар хангадаг.

Ингэхдээ “илүү ихийг хийж, илүү сайнаар хэрэгжүүлж, илүү өргөн хүрээнд хүрэх” зарчмыг баримталдаг.

Тус сүлжээнд Монгол, Япон, БНСУ, БНАСАУ, болон Макао, Хонконг салбаруудыг багтаасан Хятадын Улаан загалмай гэсэн Зүүн Азийн Үндэсний таван нийгэмлэг багтдаг.

Одоогоор Зүүн Азийн Хүүхэд, Залуучуудын Сүлжээний ажлын хэсэг нь Зүүн Азийн Үндэсний нийгэмлэгүүдийг төлөөлсөн 12 залуу төлөөлөгчөөс бүрдэж, сүлжээний үндсэн үйл ажиллагаа болон шийдвэр гаргах үйл явцыг хариуцан ажиллаж байна.

Зүүн Азийн Хүүхэд, Залуучуудын сүлжээний уулзалт 07 дугаар сарын 18-19 ний өдрүүдэд Монголын Улаан Загалмай нийгэмлэгт болж байна.

Зүүн Азийн Үндэсний нийгэмлэгүүдийг төлөөлсөн эдгээр залуус ирэх долоо хоногт буюу 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах Зүүн Азийн Улаан загалмайн Удирдагчдын уулзалтад оролцож, хэлэлцсэн асуудлаа танилцуулж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэх юм.