БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ, МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2026-05-11

Цөлжилтийг бууруулах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдийн амьжиргаа, эрүүл мэндийг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах талаарэрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэх, иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Талууд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр сургалт, сурталчилгааг зохион байгуулах, иргэдийн эрүүл мэнд, амьжиргаанд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл, түүнийг бууруулах арга зам, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг чиглэлээр судалгааны ажил хамтран гүйцэтгэх, байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл

ажиллагаанд иргэд, сайн дурынхны оролцоог хангах,цөлжилт бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар сайн дурын үйл ажиллагааг дэмжин сайн дурын баг, иргэдийг сургагч багшаар

бэлтгэх юм.

Мөн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх; Байгаль орчны салбарын хуулиуд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндсэн зарчмуудыг олон нийтэд сурталчлах; уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөллийг бууруулах, дасан зохицох талаар судалгаа, мэдээ, мэдээлэл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлага, сургамж болон хамтын ажиллагаанд шаардагдах бусад баримт бичиг, мэдээллийг харилцан солилцохоор тохиролцлоо.