АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2026-06-09

Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Улаан загалмай байгууллага хамтран 2017 оноос хойш "Бүс ба зам" төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд 2026 онд нийт 100 хүнийг “Анхны тусламжийн сургагч багш”-аар бэлтгэх юм.

Үүний дагуу "Анхны тусламжийн сургагч багш" бэлтгэх сургалтын эхний ээлж 2026 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулагдаж, 60 хүн сургаж, бэлтгэсэн.

Сургалтын хоёрдугаар ээлж нь 2026 оны 6 дугаар сарын 09-14-ний өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд эхэллээ.

Сургалтад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас нийт 40 хүн хамрагдаж байна. “Анхны тусламжийн Сургагч багш" бэлтгэх энэхүү сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн байгууллагын мэргэшсэн Анхны тусламжийн сургагч багш нар чиглүүлэн ажиллаж байна.