ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА “ҮНДЭСНИЙ ЗУСЛАН ЦУГЛАРАЛТ-2026”

2026-06-17

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний “Үндэсний зуслан цугларалт-2026” үйл ажиллагааны нээлт боллоо. Энэ жилийн зуслан цугларалт “Энэрэнгүй” үйлсийн төлөө хамтдаа уриан дор хүүхэд, өсвөр үеийнхнийг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлж, тэдний оролцоонд тулгуурласан хөгжлийн хөтөлбөрөөр өртөөлчилсөн хэлбэрээр 7 хоногийн хугацаанд амрагч хүүхдүүд амралтаа өнгөрүүлэх юм.

Зуслан цугларалтад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүд хамрагдаж байна.

Энэхүү зуслан цугларалтын гол зорилго нь Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүд хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааг сайжруулж, сайн дурын ажлын туршлага хуваалцаж, хүмүүнлэгийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрхэн үе тэнгийнхэндээ эерэгээр нөлөөлөхөд чиглэх юм.

Үйл ажиллагааны нээлтэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, нийслэлийн Улаан загалмайн хорооны дарга нар, Дунд шатны хороодын төлөөлөл болон Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүд оролцов.