Маршаллын арлуудын улаан загалмайн нийгэмлэг: 191-дэх Үндэсний Нийгэмлэг

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Олон улсын Улаан загалмайн хороо /ОУУЗХ/-ны Ерөнхийлөгч Петер Маурер, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах улсын Улаан загалмай нийгэмлэгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг гишүүн байгууллагуудад албан бичгээр мэдээлжээ. Уг мэдээлэлд, “ОУУЗХ нь Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах улсын Улаан загалмай нийгэмлэг нь хөдөлгөөний нэгэн бүрэлдэхүүн хэсэг болон нэгдсэнд таатай байна. ОУУЗХ нь энэхүү албан бичгээр Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах улсын Улаан загалмай нийгэмлэгийг итгэмжилж байгаа бөгөөд бусад Үндэсний нийгэмлэгүүдэд үүрэг болгон хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүсч байна” хэмээн онцолсон байна.

Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах улсын Улаан загалмай нийгэмлэг нь гишүүнчлэл хүссэн өргөдлөө 2017 оны 3-дугаар сарын 29-нд ОУУЗХ-нд гаргасан байна. Өргөдлийн дагуу ОУУЗХ болон Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо (Холбоо) ны төлөөлөгчид 2017 оны 9-дүгээр сарын 14-23-ны өдрүүдэд Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах улсын Улаан загалмай нийгэмлэгт очиж ажиллажээ.  Үнэлгээний багийн гаргасан дүн шинжилгээ болон Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах улсын Улаан загалмай нийгэмлэгийн мэдүүлсэн баримт бичгийг үндэслэн Хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр зүйлд заасан Нийгэмлэг болон хүлээн зөвшөөрөхөд шаардлагатай арван нөхцөлийг бүрэн хангасан хэмээн дүгнэжээ.  Ийнхүү 2017 оны 12-дугаар сарын 20-ны өдөр зөвшөөрлийг албан ёсоор баталснаар Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах улсын Улаан загалмай нийгэмлэг нь  Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний (Хөдөлгөөн) бүрэлдэхүүний нэг хэсэг болох 191 дэх Үндэсний нийгэмлэг болон бүртгэгдлээ.   

Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах улсын талаар танилцуулахад тус улс нь Микронез дэх Номхон далайн арал улс юм. Тус улсын нийслэл нь Мажуро хот бөгөөд албан ёсны хэл нь маршалл ба англи. Хүн амын тоо нь 53.066  /2016  оны хүн амын тооллого/ бөгөөд газар нутгийнх нь хэмжээ 181 км.кв юм.

НҮБ-ын гишүүн болох тус улс нь 1986 оны 10-дугаар сарын 21-нд АНУ-аас тусгаар тогтносон  орон болсон байна. 

Анх 1526 онд Испанийн иргэн, тэнгисийн аялагч Алонсо де Саласор эндхийн Бокак шүрэн арлыг анхлан анзаарч, нээсэн түүхтэй. Дараа нь Маршаллын Арлуудын нутаг дэвсгэрийг янз бүрийн улс ээлж дараалан колончилж байжээ. Тухайлбал, 1886 онд Герман, 1914 оноос дэлхийн 1-р дайны дараа үе хүртэл  Япон улс үндэстний хэмжээнд эзэмшиж байв.