Малчдад чиглэсэн хүмүүнлэгийн тусламж үргэлжилж байна

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Монголын Улаан загалмай нийгэмлэг нь Британийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөр нь зудын гамшиг хүндрэхээс өмнө малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилготой.

“Ус, цаг уур орчны судалгаа, шинжилгээний газар”-аас бэлтгэн гаргасан зудын эрсдэлийн зураглалд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт нутгийн 40 хувь нэн өндөр, 30 хувь дунд зэргийн зудын эрсдэлтэй гарсан байна. МУЗН нь зудын эрсдэл нэн өндөр үзүүлэлттэй гарсан 12 аймгийн 40 сумын нийт 2000 малчин өрхөд өвөлжилтийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор өрх тус бүрт 240.000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, малын эрдэс тэжээлийн багц олгохоор ажиллаж байна.

МУЗН нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эхний ээлжийн 1.170 өрхөд бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан олгож эхлээд байгаа юм.