Төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдийг эмчлэх төслийн үйл ажиллагаа эхэллээ

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

МУЗН болон БНХАУ-ын Улаан загалмайн  эрүүл мэндийн сантай хамтран төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийх хамтран ажиллахаар болсон. Энэ дагуу МУЗН Улсын гуравдугаар эмнэлэгт санал тавьж, зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчлэхэд хамтран ажиллахаар болсон билээ. Өнгөрсөн сард МУЗН, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн  сан, Улсын  гуравдугаар эмнэлэг хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Түүний дагуу БНХАУ-аас тэргүүлэх зэргийн эмч нар хүрэлцэн ирж эхний ээлжинд 20 хүүхдийг сонгон эмчлүүлэхээр ирлээ. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай нярай болон 0-16 насны 100 гаруй хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр БНХАУ, ӨМӨЗО-ны зүрхний мэс заслын эмч нарын баг болон УГТЭ-ийн Зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан баг үзлэг, оношилгоо хийж эхэллээ.

Эхний ээлжинд мэс засал хийлгэх   шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийх юм. Төслийн хүрээнд хагалгаанд орох хүүхэд болон асран хамгаалагч 1 хүний байр, хоол, унааны зардлыг БНХАУ-ын Улаан загалмайн  сангаас бүрэн хариуцах юм.

Төслийн үйл ажиллагааны нээлтэд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, БНХАУ-ын Улаан загалмай сангийн тэргүүн  Лю Шан Гуо  болон Улсын гуравдугаар эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир болон Бээжин хотын Анжен, Тонору эмнэлэг,   Шиньхуагийн Их сургуулийн болон   Хөх хотын ардын эмнэлгийн 10 гаруй эмч нар хүрэлцэн иржээ.

БНХАУ-ын “Нэг зам нэг бус” бодлогын хүрээнд хүмүүнлэгийн энэхүү үйл ажиллагааг БНХАУ-ын Улаан загалмай сан зохион зохион байгуулж буй агаад зүрхний мэс заслын чиглэлээр тэргүүлэх зэргийн эмнэлэг, эмч нараа Монгол Улсад илгээсэн байна.

Эмчлэх хүүхдүүдийг энэ сарын 26,27-ны өдрүүдэд Улсын гуравдугаар эмнэлэгт  үзлэг хийж сонгож байна.