Дорнод аймгийн Улаан загалмайн 60 жилийн ой боллоо

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Дорнод аймгийн Улаан загалмайн 60 жилийн ойн баяр боллоо. Ойн арга хэмжээнд Тайланд, БНСУ, БНХАУ-ын хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, үе үеийн ахмадууд, онцгой гишүүд, улаан загалмайч хүмүүнлэг байгууллагуудын төлөөлөл, хүндэт донорууд, залуучуудын болон өсвөрийн улаан загалмайн гишүүд, сайн дурын идэвхтэн нийт ивээн тэтгэгч, хандивлагч, гишүүд дэмжигчид оролцож байна.

Ойн баярын үйл ажиллагаа “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны уулзалт”-аар эхэллээ.
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Ганболд болон албаны зочид төлөөлөгчид оролцлоо. Ойн баяраа тэмдэглэж буй Улаан загалмайн хорооны хамт олонд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн, Улаан загалмайн хорооны үйл ажиллагаа болон хамтын ажлын талаар мэдээлэл хийв.

Дорнод аймгийн Улаан загалмайн хороо 60 жилийн ойн баяраа тохиолдуулан хүндэт Доноруудаа зориулсан хөшөөг БОЭТ-ийн гадна талбайд  бүтээн босголоо.  Хөшөөний нээлтийн арга хэмжээнд 60 ойн арга хэмжээнд оролцож буй гадна, дотны зочид төлөөлөгчид, иргэд оролцсон юм.   Тууз хайчлах ёслолын арга хэмжээнд аймгийн Улаан Загалмайн хорооны дарга Б.Ганболд, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нар оролцлоо.