Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл хэлэлцүүлэгт төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг танилцууллаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

      Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Монголын Улаанзагалмай нийгэмлэг,  Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, хамтран “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. 

      Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдвээр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга” сэдвээр илтгэл тавилаа. Мөн МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа: хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнээс гадна НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч хатагтай Беати Транкманн “Тогтвортой хөгжлийн зорилтууд, цаг уурын өөрчлөлттэй дасан зохицох болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны зорилтуудын хэрэгжилтийн уялдаа холбоог хангах олон улсын чиг хандлага” сэдвээр, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Монгол Улсын цаг уурын өөрчлөлтийн дасан зохицох үндэсний хөтөлбөр”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Монгол Улсын явц” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

      Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тавьсан илтгэлдээ, “НҮБ-аас баримталж буй бодлогын зорилтуудыг Монгол Улс төрийн бодлого, хөтөлбөрт тусган эрх зүйн орчинг шинэчлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Шадар сайдаас санаачлан Улсын Их Хуралд өргөн барьж  “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 2 дугаар сард баталж, Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэлийг орчин үеийн нөхцөл байдалтай уялдуулан хийх эхлэлийг тавьсан” гэж онцлон тэмдэглэлээ.

      ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга” илтгэлдээ “Цаашид эрх зүйн орчин, тогтолцоогоо бүрэн шинэчлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг үнэлэх, тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулж чиг үүргийг тодорхойлох, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төр-хувийн хэвшил, салбар дундын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүжилтийн механизмыг оновчтой болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний нийгэм, орон нутгийн иргэд, сайн дурын оролцоог хангах, гамшгийн үеийн болон дараах хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох зорилтууд бидний өмнө тавигдаж байна” гэлээ.

      МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Гамшгаас хамгаалах тухай хуульд хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг тодорхой болгож, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлэхэд Улаан загалмай нийгэмлэг  хэрхэн ажиллаж буй талаар танилцуулсан. Мөн төрдөө хүмүүнлэгийн салбарт Монголын улаан загалмайн гүйцэтгэх үүргийн талаар танилцууллаа. Засгийн газар МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу нийгмийн эрүүл мэндийг дэмжих, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нөхөн сэргээх, гамшигт байдлын үед хүмүүнлэгийн тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг дэмжих, хүүхэд залуучуудын хүмүүнлэгийн хөдөлгөөнийг дэмжих, хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлах, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зэргээр ажиллахаар хуульчилсан байгаа. Эдгээр үйл ажиллагааг явуулахад хууль дээдлэх, харилцан бие биеэ хүндэтгэх, улстөрийн нөлөөллөөс ангид байх, нээлттэй ил тод зарчмыг баримтлан ажиллах юм.

      Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд Монголын улаан загалмай нийгэмлэг нь олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг, холбоонд хандан гамшгаас хамгаалах хүмүүнлэгийн тусламж хүсэх, хүлээж авах, бүртгэх, байршуулах, хадгалах тээвэрлэх, хуваарилах үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, гамшиг, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохион байгуулах, нэрвэгсэгдэд яаралтай тусламж үзүүлэх, хүн амд гамшгийн үед арга хэмжээ авах талаар мэдлэг олгох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.

      2016 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхыг бүрдүүлж, цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлнэ” гэж заасан нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үндсэн агуулгыг тодорхойлсон.

      Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга нь, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Тогтвортой хөгжлийн зорилтууд – 2030”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тухай Парисын гэрээ” зэрэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын бодлогын баримт бичигт тусгасан үндсэн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх эрх зүйн, бодлогын ба институцийн зохицуулалтуудыг тодорхой зааж Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны үндсэн зарчмуудыг тодорхойлжээ.

      Үүнтэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хот суурин газрын гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах болон гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг 2018 онд Улаанбаатар хотноо чуулах Азийн сайд нарын бага хурлын хэлэлцэх үндсэн асуудал болгох саналаа хүргүүлээд байна.