АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ХУВИЛБАРУУДЫГ СУРТАЛЧЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТУУД БОЛЛОО

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Хүний эрүүл мэнд түүний ашиглаж байгаа ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой байдаг. Жил бүр дэлхий дээр 1,7 сая хүн усны бохирдолт, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудалтай холбоотой халдварын шалтгаант суулгалт өвчний улмаас нас бардаг. Нас барж буй арван хүн тутмын ес нь бага насны хүүхэд байгаа бөгөөд бүхэлдээ хөгжиж буй орнуудад тохиолдож байна. Усны хомсдлоос шалтгаалан ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлж чадаагүйгээс арьс салстын үрэвсэл, суулгалт халдвар, бөөс бүүрэг, хачгаар үүсгэгддэг өвчнүүд үүсдэг.

Суулгалт өвчин нь манай орны 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тархдаг тэргүүлэх өвчлөлийн нэг юм.  Ийм учраас халдварт өвчнийг бууруулах, усаар дамжин халдварладаг өвчлөлийн талаарх мэдлэгтэй байж жорлон, ариун цэврийн нөхцөлөө сайжруулах нь эрүүл мэндийг сахин хамгаалж амьдралын чанарыг сайжруулах үндсэн алхам болох юм

Монголын улаан Загалмай Нийгэмлэг, Эрүүл Мэнд Спортын Яам, Барилга Хот Байгуулалтын Яам НҮБ-ын Хүн амын сан  болон бусад төрийн бус байгууллагууд хамтран 2014 оноос эхлэн нүхэн жорлонгийн стандартыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. энэ ажлын хүрээнд шинэ стандартад илүү олон төрлийн ариун цэврийн байгууламжийн хувилбаруудыгоруулж өгсөн. Учир нь иргэдэд ариун цэврийн байгууламжаа сайжруулах хүсэл сонирхол байсан ч энэ талаарх мэдлэг, мэдээлэл хомс байгаа нь судалгааны явцад харагдаж байна.

 

  • “Сайжруулсан агааржуулагчтай жорлон”
  • “Био жорлон”,
  • “Бага хэмжээний усаар зайлуулах  жорлон”,
  • “Хуурайшуулах жорлон” зэрэг 4 төрлийн жорлонг Монгол улсын стандартад багтаахаар болсон бөгөөд уг жорлонгуудийн ашиглалт, үйлчилгээ, түүнд тавигдах эрүүл ахуйн шаардлагын талаар иргэд, олон нийтийн мэдээлэл, ойлголт хомс тул үүнийг  сурталчлах, мэдээлэл түгээх, сургалт сурталчилгааны материал боловсруулан олны хүртээл болгох ажил тулгамдсан асуудал болоод байгаа билээ.

Иймд       Монголын улаан Загалмай Нийгэмлэг, Эрүүл Мэнд Спортын Яам, Барилга Хот Байгуулалтын Яам , Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Ус ариун цэврийн шийдэл төрийн бус байгууллага зэрэг төр төрийн бус байгууллагууд хамтран шинэчлэгдсэн стандартыг сурталчлах, олон нийтэд мэдээ мэдээлэл өгөх ажлын хэсгийг байгуулан шаардлагатай үйл ажиллагаа, арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

Иргэд буюу айл өрх, хүүхдүүд, эрүүл мэндийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажилчдад зориулсан зөвлөмж, мэдээлэл, сургалт сурталчилгааны материал боловсруулах, ариун цэврийн байгууламжаа яаж сайжруулах, хэрхэн ашиглах, ямар үйлчилгээ хийх тухай мэдээлэл олгох, сургалт, сурталчилгааны материал боловсруулж олн хүртээл болгохоор зорин ажиллаж байна.

Санхүүжүүлэгч байгууллага: ЭМСЯ, МУЗН НҮБ-ын ХС-ын 2015-2016 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний 002-01 дэх заалтын дагуу 15 сая орчим төгрөгийн төсвөөр сонирхолтой брогур, постер, дүрст бичлэг зэргийг боловсруулах юм. 

 

 

 

 

 

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр,

Э.Оюунчимэг