Японоос Улаан загалмайгаас “Найрамдал-4” төслийн хяналт, үнэлгээний баг ирж ажиллаж байна

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн Японы Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Найрамдал” төслийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлж, энэ жил төслийн сүүлийн шат дуусах гэж байна. Сүүлийн  шат болох “Найрамдал-4” төслийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх баг Японоос өнөөдөр ирлээ.

Улаан загалмайн багш, спонсоруудын үндэсний консулын тэргүүн  Hiroaki Namba,  Өсвөрийн болон Залуучуудын Улаан загалмай болон Сайн дурынхны хэлтсийн дарга Eiji Onda, Өсвөрийн болон Залуучуудын Улаан загалмай, Сайн дурынхны байгууллагын хөгжлийн ажилтан Musubi Yata нар МУЗН-т дөрвөн өдөр ажиллах юм.

Тэднийг  өнөөдөр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хүлээн авч уулзлаа. Дараа нь Хүүхэд залуучуудын хөдөлгөөний зөвлөх Ч.Ундрам болон Мониторинг, үнэлгээний багийн зохицуулагч А.Дэлгэрмаа нар “Найрамдал-4” төслийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулсан.  Мөн өдөр төслийн үйл ажиллагаанд хамрагдсан хүүхдүүдтэй уулзаж ярилцах юм байна.

 

Хяналтын багийнхан гурван жилийн хугацаанд хэрэгжсэн төслийн үйл ажиллагаатай  газар дээр очиж танилцах юм.  Тэд Сэлэнгийн Баруунхараа, Дархан-Уул аймаг, нийслэлийн Баянзүрх  дүүргийн сонгожээ. Мөн өмнөх “Найрамдал-3” төсөл хэрэгжсэн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт очиж, төслийн тогтвортой үйл ажиллагаа ямар төвшинд байгааг үзэж сонирхоно.  

Түүний дараа МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв Цонжинболдогт буй зусланд уг төслийн санхүүжилтээр тохижсон байрыг үзэхээр болжээ.