Анхан шатны хороодын чадавхийг бэхжүүлэх нь бүсчилсэн сургалт Дорнод, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Орхон аймгуудад энэ 9 дүгээр сард багтаж зохион байгуулагдаж байна.

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

Сургалтаар Улаан  загалмай хөдөлгөөний үндсэн мэдээлэл, МУЗН-ийн өөрчлөлт, шинэчлэлт, хөгжлийн хөтөлбөрүүд, түүний стандартын талаар таницуулга хичээлүүд орж байна. МУЗН анхан шатны хороогоо бэхжүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах бодлогын хүрээнд явагдаж энэхүү сургалтад нийт 100  гаруй анхан шатны төлөөллүүд оролцоно.

 

Сургалт хоёр өдөр үргэлжлэх агаад эхний өдөр онолын хичээлүүд орж, дараагийн өдөр нь анхан шатны хороотой биечлэн танилцаж, үйл ажиллагааны туршлага хуваалцах, дадлагажих сургалтууд болох юм.

Дорнод аймагт болсон сургалтыг Мониторнги үнэлгээний багийн ахлагч А.Дэлгэрмаа, Халамжийн хөтөлбөрийн ажилтан Б.Нарангоо нар зохион байгуулаад ирлээ.

А.Дэлгэрмаа: Анхан шатны хороог хөгжүүлэх, бэхжүүлэхэд тодорхой аргачлал, дэмжлэг чухал байна

Сургалтын талаар А.Дэлгэрмаагаас товч ярилцлага авлаа.

-Сургалтад ямар ямар аймгуудын хичээн анхан шатны төлөөлөл оролцсон вэ?

- Дорнод аймгийн Улаан загалмай хорооны зохион байгуулж буй энэ удаагийн сургалтад Сүхбаатар, Хэнтий аймгийн Улаан загалмай хорооны анхан шатны 22 төлөөлөл оролцлоо. Хэнтий аймгаас 11, нөгөө хоёр аймгаас тус бүр таван төлөөлөл ирсэн байв. Бид сургалтыг оролцооны аргад тулгуурлан багаар ажиллах, санал бодлоо илэрхийлэх, тухайн үйл ажиллагааг биечлэн үзэх зэргээр ажилласан байгаа. МУЗН анх удаа ийнхүү бүсчлэн анхан шатны сургалтыг зохион байгуулж байгаад хаана хаанаа ихээхэн ач холбогдол өгч байгааг онцлох хэрэгтэй.

 

 

- Дорнод аймгийн анхан шатны хорооны үйл ажиллагаа ямар төвшинд явагдаж байна, ямар анхан шатны хороотой танилцсан бэ?

- Дорнод аймгийн Улаан загалмай хороо бол манай тэргүүний үйл ажиллагаатай хороодын нэг. Тус аймгийн хороо анхан шатны төвшинд боломжийн ажиллаж байна. Бид баг, сум, сургууль, цэцэрлэгийн анхан шатны хороодын үйл ажиллагаатай танилцлаа.

Сургууль, цэцэрлэгийн анхан шатны хороо Хүүхэд залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөндөө тулгуурлан идэвхтэй өрнөж байна. Багачуудын Улаан загалмайг цэцэрлэгт хэрхэн зохион байгуулж ажиллаж буйн жишээг Дорнод аймгаас харж болохоор байна. Хүүхдийг бага наснаас нь хүнлэг сэтгэлтэй, зөв хүн болж төлөвшүүлэхэд багачуудын Улаан загалмай чухал ач холбогдолтой юм байна.

Багт ахмадын Улаан загалмайн анхан шатны хороо ажиллаж байна. Ахмад хүмүүсийн олон нийтийн үйл ажиллагааны идэвхтэй оролцоог дэмжиж ажиллаж байгаа нь сайшаалтай. Мөн тус аймгийн Дулааны цахилгаан станц, Татварын хэлтэст ажилладаг Улаан загалмайн анхан шатны хорооны дарга нар сургалтад идэвхтэй оролцсон байгаа.

Аж ахуйн нэгж, төрийн байгууллагын төлөөлөгчид Улаан загалмайн үйл ажиллагааг тухайн байгууллагадаа дэлгэрүүлж, бүх ажилтнуудаа гишүүнээр элсүүлсэн байна.

 

-Тухайлбал аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж буй анхан шатны хороо ямар үйл ажиллагаа явуулж байна?

-Ер нь ямар газар анхан шатны хороо ажиллаж байгаагаас шалтгаалан үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох шаардлагатай байна. Байгууллага, ау ахуйн нэгжид бол эрүүл ахуй, эрүүл аж төрөх дадал хэвшил сургах, анхан шатны тусламж үзүүлэх талаар сургалтуудыг зохион байгуулж ажиллах нь илүү үр дүнтэй байна. Мөн гамшгийн бэлэн байдлыг хангах талаар сургалт сурталчилгааны багууд ажиллах зэргээр анхан шатны хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх арга, замыг боловсруулах нь зүйтэй юм. Бид сургалтаар анхан шатны үйл ажиллагааг дэмжих сургалтын хөтөлбөр, аргачлалуудыг Дунд шатны хороо нэн даруй боловсруулах зөвлөмжийг гаргасан.

-Үйл ажиллагаагаар бусдад туршлага болох ямар анхан шатны хороо байна вэ?

- Сургалтаар үйл ажиллагаагаа таницлуулсан анхан шатны хороод бүгд өөр өөрийн онцлогтой ажиллаж байна. Гэхдээ засч, сайжруулах, идэвхжүүлэх ажил зайлшгүй шаардлагатай нь харагдлаа. Анхан шатны хороо зөвхөн татвар бүрдүүлэлтэд ажлаа чиглүүлэх биш олон нийтэд хандсан тогтмол үйл ажиллагааг зохион байгуулж чадахгүй байна. Зөвхөн тэмдэглэлт өдрүүдээр Улаан загалмай хорооны үйл ажиллагаа хязгаарлагдаж байна. Гэхдээ  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын анхан шатны хороог онцломоор байна. Тус хороо тасралтгүй үйл ажиллагааг явуулж, онцгой, ивээн тэтгэгч гишүүдийнхээ хүрээг тогтмол тэлж чаджээ. Өөрөөр хэлбэл, жижигрүүлсэн Дунд шатны хороо ажиллаж байна гэж дүгэж болохоор санагдлаа. Суманд анхан шатны хороо үндсэн дөрвөн хөтөлбөрийн чиглэлд ажиллах бүрэн бололцоо бий.  Өмнөдэлгэрийн анхан шатны хороо сумынхаа бүх байгууллагын ажилтнуудыг Улаан загалмайн гишүүнээр элсүүлсэн байна. Хүүхэд залуучуудын хөдөлгөөн ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Мөн Дорнод аймагт эмэгтэйчүүдийн , ахмадын гэсэн анхан шатны хороо ажиллаж байгаа нь бусдад туршлага болох зүйл юм. Эмэгтэйчүүдийн анхан шатны хороо бол хамтдаа ногоо тарих, үйл үртэс хийх, хүүхэд, ахмадаа асрахдаа хамтарч ажилладаг юм байна.

Сүхбаатар аймгийн Халамжийн хэлтэсд 25 хүний бүрэлдэхүүнтэй анхан шатны хороо ажиллаж байна.Мөн энэ хороо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь харагдлаа.

 

-Цаашид анхан шатны хороог бэхжүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулахад анхаарах ямар асуудлууд байна?

  • Бүсчилсэн сургалтууд дээрх аймгуудад үргэлжлээд эцэс нь нэгдсэн тайлан, зөвлөмж гарна. Тухайн Дунд шатны хорооны хүчин чадал дээр нь газар орон бүрийн онцлог зэргийг харгалзан тухайн анхан шатны хорооны үйл ажиллагааны дүр төрх гарах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, цаашид ажиллах чиглэл, арга барил ялгаатай л даа. Гэхдээ бидэнд анхан шатны хороог хөгжүүлэх ерөнхий бодлогын хүрээнд зохион байгуулагдах ажлын чиглэл, аргачлал, санхүүгийн асуудлыг зохицуулах арга замыг энэхүү бүсчилсэн сургалтуудаар тодорхойлох  ёстой. Тухайлбал, татварын орлогын 30 хувь эргээд анхан шатны хорооны үйл ажиллагаанд төсөвлөгдөх ёстой. Тиймээс Дунд шатны хороо татварын орлогын хуваарилалтад анхаарч ажиллах хэрэгтэй юм. Мөн анхан шатны хорооны бүтэц орон тоог эргэн хармаар санагдлаа. Өнөөдөр манайд анхан шатны хорооны тэргүүнээр тухайн сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн даргаар нь ИТХ-ийн нарийн бичгийн дарга ажилладаг. Эдгээр хүмүүс ямар нэгэн урамшуулалгүй Сайн дурын идэвхтний жишгээр ажиллаж байна. Тиймээс анхан шатны хороонд тодорхой орон тоог буй болгох нь зүйтэй гэсэн саналууд гарсан.

Мөн Улаан загалмайн таних тэмдэг, лого бүхий хувцас хэрэглэл анхан шатны хороод дутагдалтай байдаг юм байна.

Бас нэг зүйлийг онцлоход байгууллага, аж ахуйн нэгжүүд Улаан загалмайд гишүүнээр элсэх хүсэл сонирхол их байна. Улмаар тэнд анхан шатны хороог байгуулах боломж ч бий. Тиймээс үйл ажиллагааны  арга зүйн дэмжлэг өгөх тодорхой бодлого үгүйлэгдэж байна.