Мик даатгал компанитай хамтран Улаан загалмайн даатгал гаргахаар болов

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

МУЗН-ийн Удирдах зөвлөлийн хурал 7 дугаар сарын 8-ны өдөр хуралдлаа. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, ослын даатгалд Улаан загалмайн гишүүд, Сайн дурынхныг хамруулах зорилгоор   “Мик” даатгал компанитай хамтран ажиллах тухай саналыг танилцууллаа.   Тус  даатгалын компанийн мэргэжилтэн Удирдах зөвлөлийн гишүүдэд хамтран ажиллах саналаа тавьсан юм.  Ер нь бусад  үндэсний нийгэмлэгүүд  гишүүд, Сайн дурынхнаа гэнэтийн осолд даатгуулдаг жишиг бий. Тухайлбал, Филлипиний  Улаан загалмай нийгэмлэг даатгалын үйл ажиллагааг биеэ даан авч явдаг ажээ. Тиймээс сайн дурын үндсэн дээр Улаан загалмайн даатгал гэсэн нэртэй даатгалын төрлийг бий болгох саналыг ярилцлаа.

Удирдах зөвлөлийн гишүүд даатгалын хугацаа, даатгалын төлбөр, хамтын ажиллагааны гэрээнд тусгах заалт бүрийг харилцан ярилцсан юм.  “Мик” даатгал компани Улаан загалмайн даатгал гэж шинэ бүтээгдэхүүн гаргаж, олон нийтэд танилцуулж ажиллах саналыг Удирдах зөвлөл дэмжлээ.

МУЗН-ийн Дүрмийн болон Санхүүгийн хорооны орон тооны тухай асуудлыг танилцуулсан. Санхүү, Дүрмийн хорооны гишүүдийг   сайн дурын үндсэн дээр ажиллуулах саналыг дэмжиж, тогтоол гаргалаа. Мөн МУЗН-ийн санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын аудит хийлгэж байх  тухай хэлэлцлээ.

Төсөл, хөтөлбөр, ЕНБДГ  гэхчлэн тус тусдаа санхүүгийн аудит хийлгэх шат дамжлагыг багасгаж, олон улсын аудитыг нэг мөр   хийлгэдэг болох нь  зайлшгүй шаардлага үүсээд  байгаа юм.  Гадна дотны төсөл хөтөлбөрийн тендерт оролцох нөхцөлд МУЗН-ийн санхүүд олон улсын аудит хийлгэсэн байх шаардлага тавьдаг байна. Тиймээс МУЗН энэ шаардлагад нийцүүлэн аудит хийлгэж байхаар Удирдах зөвлөлөөр  тогтоол гаргалаа.

Мөн Зүүн азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчдын уулзалтын үр дүнгийн тухай Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулсан.