УИХ-ын гишүүд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчидтэй уулзав

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
УИХ-ын гишүүн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Г.Баярсайхан, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл нар өнөөдөр /2015.06.25/ Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо /ОУУЗУХСНХ/-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 
Уулзалтын эхэнд Женев дэх ОУУЗУХСНХ-ны Тамгын газрын дарга Фрэнк Мохауэр хамт яваа төлөөлөгчдөө танилцуулан Улсын Их Хурлын гишүүдийг цаг, зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг /МУЗН/ болон ОУУЗУХСНХ-ны хамтын ажиллагааны талаар танилцуулав. Мөн тэрээр, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар асууж сонирхов. 
Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд хэлэхдээ, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төр, Улаан загалмайн үндэсний нийгэмлэгийн харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох талаар Монгол Улсын Их Хурал тууштай ажиллаж байгаа гэв. Уузалтын үеэр хоёр тал сонирхсон асуудлаар харилцан ярилцаж санал солилцлоо. 
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг болох Монголын Улаан загалмай нийгэмлэг нь 1959 онд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд элсэж, 84 дэх гишүүн байгууллага болсон юм. 
Уулзалтад, ОУУЗУХСНХ-ны Ази, номхон далайн бүсийн орлогч дарга Мартин Фоллер, ОУУЗУХСНХ-ны Зүүн Азийн орон хариуцсан суурин төлөөлөгч София Стойменова, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон бусад албаны хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.