Амьдрал бэлэглэгч донор танд баярлалаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

“Амьдрал бэлэглэгч донор танд баярлалаа” уриатай Дэлхийн донорын өдрийг 12 дахь удаагаа монгол орон даяар  тэмдэглэлээ. Цус сэлбэлт үндэсний төв, МУЗН энэхүү өдрийг зохион байгуулахад хамтран оролцож, Спорт, эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.

Дэлхийн донорын өдрийн үйл ажиллагааг Спорт, эрүүл мэндийн сайд Шийлэгдамба нээж үг хэлсэн. Тэрбээр төрөөс цус цусан бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхэд  Цус сэлбэлтийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад оруулах, техник технологийг шинэчлэхэд Засгийн газраас анхаарч ажиллаж байгаа тухай танилцууллаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн нөхцөлөөр техник, тоног төхөөрөмжийг шинэчилж байгаа юм байна.

МУЗН-ийн Ерөнхийлөгч , УИХ-ын гишүүн Н.Энхболд хүрэлцэн ирж үг хэлэн, хүндэт доноруудын шагналыг гардуулсан. Тэрбээр Дэлхийн донорын өдрийг тэмдэглэхэд хоёр гол зорилгыг агуулдаг юм. Нэгдүгээрт,  бид цусаа өгч, хүний алтан амь аварсан доноруудааа алдаршуулах, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилго агуулдаг. Хоёрдугаарт, цусын донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө энэхүү өдрийг дэлхий даяараа тэмдэглэдэг. Жилээс жилд цусны донорын тоо нэмэгдэж байна. Энэ жил бид МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулан боловсуурлан УИХ-аар хэлэлцүүлж батлуулах зорилго тавьж байна. Энэхүү хууль батлагдвал цусны донорын эгнээ өргөжиж, цус цуглуулах үйл ажиллагааг хариуцлагажиж, төсөв хөрөнгө ч тодорхой болох олон давуу талууд бий болно” гээд үеийн үеийн хүндэт доноруудаа талархал илэрхийлээ.

Энэ өдөр хүндэт доноруудадаа хүндэтгэл үзүүлэхээс гадна тэдний эрүүл мэнд, халамж үйлчилгээг сайжруулах, анхаарахын төлөө бид ажиллаж байна гэж Цус сэлбэлт үндэсний төвийн дарга Эрдэнэбаяр хэлж байсан.

Өнгөрсөн оноос хүндэт доноруудыг  төрийн өмчийн амралт, сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй амардаг болсон. Мөн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог зэрэг донорууддаа хандсан үйлчилгээ үзүүлж байна. Нэг таатай мэдээ гэвэл , энэ жил нийслэлийн Баянгол дүүрэгт цус цуглуулах хоёр дахь суурин төвийг нээсэн нь цусны хангамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Магадлан итгэмжлэлийн дэлхийн өдрөөр Цусны төвийн лабортори ISO15899 гэсэн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авч, дэлхийн жишигт хүрснээ баталгаажуулсан байна.

Өдөрлөгийн үеэр  35 удаагаас дээш цусаа өгсөн  доноруудыг “Хүндэт донор”-оор өргөмжиллөө. Мөн гэр бүлээрээ хүндэт донор болж байгаа хэд хэдэн хосуудыг урамшууллаа. Б.Цогтгэрэл, эхнэр С.Отгонбаяр, хүүгийн  хамт цусаа бэлэглэж иржээ. Нөхөр Б.Цогтгэрэл  5 жил, эхнэр нь 7 жил, хүү нь 3 жил цусаа бусдад бэлэглэсэн гэнэ. Эхнэр С.Отгонбаяр 53 удаа цусаа бэлэглэсэн ажээ. Тэд гэр бүлээрээ донор болсон нь бусдын төлөөх сэтгэл улам  бадарч, бидний амьдрал аз жаргалаар дүүрэн байна гэцгээж байв. 

Энэхүү өдөрлөгийн үеэр 179 удаа цусаа өгсөн Бум-Эрдэнийг нийслэлийн Баянгол дүүргийн “Чандмань эрдэнэ” медалиар шагнасан юм. Тэрбээр ихэр охидынхоо амийг аврахын тулд анх цусаа өгч эхэлсэн юм. “Амьдралын минь гэрэл гэгээ болсон ихэр охид маань төрөх мөчид зовлон, жаргал хамт  ирсэн юм. Тэр үед охидод маань таарах цус олдохгүй сандарч байсан. Тэгээд өөрийн цус маань таарч охид минь амь аврагдаж байсан. Тэр цагаас хойш цусаа өгч эхэлсэн” гэж байв.

 

.

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа