Хэнтий аймгийн УЗХ-ны Ивээн тэтгэгч, Онцгой гишүүдийн чуулга уулзалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Хэнтий аймгийн Улаан загалмай хорооноос Ивээн тэтгэгч, Онцгой гишүүдийн чуулга уулзалтыг 5 дахь жилдээ зохион байгууллаа. Тус аймгийн сум бүрээс ирсэн 150 гаруй гишүүд  Хэнтий аймгийн Мөрөн суманд чуулсан юм. Хэнтий аймгийн Улаан загалмай хороо  Нигүүлсэнгүй үйлст манлай малчид олонтой гэдгээрээ онцлог юм. Өөрөөр хэлбэл, тус аймгийн малчид хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж, хандив тусламжаа харамгүй хүмүүнлэгийн үйлст зориулдгаараа бусдыгаа хошуучилдаг.

Улаан загалмайн хорооноос нь малчиддаа зориулсан арга хэмжээг тогтмол зохион байгуулж, жилдээ нэгээс хоёр удаа тэднийгээ цуглуулан урам хайрладаг ажээ. Ялангуяа малын бэлчээрт цаг нарыг өнгөрөөж буй малчид төв суурин газарт  ийнхүү уулзалдан мэнд усаа мэдэлцэх нь  хамгийн сайхан үйл явдлуудын нэг юм.  Энгэртээ  одон тэмдэгээ зүүж, монгол дээлээрээ гангарсан малчид  жилдээ нэг тохиох энэхүү чуулга уулзалтдаа ирэхийн төлөө эртнээс бэлддэг нь илт.   Удаан  хугацаанд уулзалдаагүй  зарим нэг нь  “Танайх хаана зусаж байна, эцэг, эх үр хүүхэд тань сайн уу”  гэх халуун дулаан яриа өрнүүлж байх.

 Чуулга уулзалтаар Нигүүлсэнгүй үйлст манлай малчдаа урамшуулах, алдаршуулах үйл ажиллагаанаас гадна хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулсан малчдаа шагнаж урамшууллаа. МУЗН-ийн шагнал болох “Энэрэнгүй үйлстэн”, Нигүүлсэл алт, мөнгөн медальтнууд шинээр төрөн гарлаа.  Энэхүү чуулга уулзалтыг тус аймгийн нэг сум нь тухайн жилдээ хариуцаж зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг Мөрөн сумынхан зохион байгуулж байгаа бөгөөд сумын ИТХ-ын дарга, Улаан загалмайн анхан шатны хорооны тэргүүн, Засаг дарга, Тамгын газрын удирдлагууд болон нутгийн олон нь ихээхэн ач холбогдол өгч байна. Сум бүрээс ирсэн 150 гаруй зочдыг утгах, байрлуулах, зочлох зэрэг арга нь  нь тухайн сумын зохион байгуулалт, үйл ажиллагааг шалгасан ажил болдог юм байна.

Мөрөн сумын спортын талбайд нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтэд сум бүрээс ирсэн төлөөлөгчид сумынхаа нэрийг барьсан самбар барин жагсаж байв. Уламжлал ёсоор уртын дуу эгшиглэж, Өсвөрийн Улаан загалмайчдын бүжиг, дуугаар нээлтийн ажиллагаа үргэлжиллээ. Мөн МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хэнтий аймгийн Улаан загалмай хорооны дарга М. Өлзийбат болон Ивээн тэтгэгч, Онцгой гишүүдийн төлөөлөл үг хэлсэн.

Нээлтийн ажиллагааны дараа чуулгаар Улаан загалмайн үйл ажиллагааны танилцуулга, Сайн дурын идэвхтнүүд хэрхэн ажиллаж, тэднийг хэрхэн бэлтгэж байгаа тухай болон хүн хүнээ хайрлах, туслах сэтгэлийн мөн чанарыг хэлэлцсэн ярилцлагууд өрнөсөн юм.

Чуулганы дараагийн үйл явдал бол бүлгээр ажиллах зохион байгуулалт байв. Гурваас дөрвөн сумыг нэг бүлэг болгон хуваасан. Бүлгүүд Улаан загалмайн үйл ажиллагааг хэрхэн дэмжих, ямар хувь нэмэр оруулах тухайгаа хэлэлцэх юм. Тухайлбал, гамшгийн нөөцийн санг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхдүүдэд туслах аян өрнүүлэх,  Сайн дурын идэвхтний өдөрлөг зохион байгуулах, ЕБС-иудад хүмүүнлэгийн танхим байгуулах, багуудад сургалт сурталчилгааны самбар байршуулах зэрэгт хэрхэн ажиллах тухайгаа хэлэлцсэн байна. Мөрөн суманд хөгжлийн бэрхшээлтэй  10 хүүхэд байдаг ажээ. Нэн тэргүүнд тэдний сурч боловсроход зориулж эхний хандиваа хүмүүнлэг үйлст  малчид маань өгч байв. Мөн орон нутгийнхаа гамшгийн нөөцийн санг бүрдүүлэхэд нэг баг нь л гэхэд  50 бог хандивлаж байгаагаа хэлж байв.

Мөн газар хөдлөлтөд нэрвэгдсэн Балбын ард түмэнд туслахад малчид хандиваа өгцгөөлөө.