Нийслэлийн Багахангай дүүрэгт Улаан загалмайн Дунд шатны хороог сэргээн байгуулав

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Нийслэлийн Багахангай дүүрэгт Дунд шатны Улаан загалмай хорооны үйл ажиллагаа тасраад 10 гаруй жил болсон байна. Уг нь 1993 онд тус дүүрэгт байгуулагдаж байсан ч тодорхой шалтгааны улмаас үйл ажиллагаа нь зогсоод байжээ.

Өнөөдөр Улаан загалмайн хорооны үйл ажиллагааг албан ёсоор сэргээн ажиллуулах арга хэмжээ тус дүүрэгт болсон. УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд,  Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар тус дүүргийн Улаан загалмайн хорооны тамга, тэмдэгийг хүлээлгэн өгөх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх зорилгоор ажиллаад ирлээ.

Багахангай дүүргийн Улаан загалмай хорооны тэргүүн,  ИТХ-ын дарга Б.Батнасан дүүрэгтээ Улаан загалмайг сэргээн байгуулахын тулд олон ажлыг амжуулжээ.  МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар  тус дүүргийн Улаан загалмай хорооны даргаар Н.Зинаг томилоод байсан юм. Тэд өнгөрсөн хугацаанд өөрийн байрандаа завсар хийж тохижуулсан байна. Мөн гишүүд, дэмжигчдийнхээ эгнээг тэлэх, Удирдах зөвлөлөө байгуулах зэргээр бүтэц, зохион байгуулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Багахангай дүүргийн Улаан загалмай хороо өнөөдөр 120 гаруй гишүүнтэй болжээ.  Алтан гишүүн нэг, Ивээн тэтгэгч онцгой гишүүн 18, Мөнгөн гишүүн 9, Өсвөрийн 40 гаруй улаан загалмайчидтай ажиллаж эхэллээ.

Дүүргийн Соёлын төв өргөөнд Улаан загалмайн тамга тэмдэг гардуулах болон гишүүн элсүүлэх арга хэмжээ болсон юм. 

УИХ-ын гишүүн,  МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд улаан загалмайчдад хандан үг хэлсэн. Тэрбээр, сэргээн байгуулагдаж байгаа Дунд шатны хороогоо бүхий л талаар дэмжин ажиллахаас гадна орон нутгийн сайн санаат, хүний төлөө гэх сэтгэлтэй иргэдээр хүрээгээ тэлж, нутаг орны хөгжилдөө  тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Хүмүүнлэг үйлс бол хариу нэхдэггүй бие биедээ туслах сэтгэлийн өглөг билээ. Тиймээс багахангайчуудын бие биеэ гэх сэтгэлийг тус дүүргийн Улаан загалмай хороо тэтгэж, зохион байгуулалтад оруулах боломжийг бүрдүүлж байна. Нэн ялангуяа хүүхэд, залуучуудыг хүмүүнлэг үйл хэрэгт татан оролцуулахад ихээхэн анхаарч ажиллахыг хүссэн юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Бага хангай дүүрэгт Улаан загалмай хороо байгуулагдаж байгаад талархал илэрхийлээд ОУУЗУХСХ болон МУЗН-ийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийсэн юм. Тэрбээр,  хүмүүнлэгийн үйл ажиллагаа бол Сайн дурынхны үндсэн дээр явагддаг учраас Сайн дурынхан бол Улаан загалмайн хөдөлгөгч хүч юм. Өнөөдөр дэлхий дахинд 17 сая Сайн дурынхан ажиллаж байгаагаас Ази номхон далайн бүсэд 9 сая нь харъяалагдаж байна гэх зэргээр ярьсан. Мөн бусдын төлөө цаг заваа зарцуулж, бусдад туслах хөдөлгөөний чиглүүлэгчид Улаан загалмайчид юм хэмээн онцолж байв.

Тус дүүргийн Улаан загалмай хороог бэхжүүлэхэд  “Халамж” өргөө ажиллуулах гэр өгөх, ажлын байранд нь зарим дутагдаж байгаа зүйлээр туслах, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний  болон зарим Дунд шатны хорооны дарга нарыг илгээж арга зүйн зөвлөгөөг өгүүлэх  зэргээр ажиллахаа илэрхийллээ. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Төмөр замын салбарынхан Улаан загалмай хороогоо дэмжиж ажиллана гэж байв.