Жерэми Смит: Би мэргэжил, туршлагаа үр дүнтэй ашигласан сайн дурын ажлыг илүүд үздэг

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Австралийн Улаан загалмай нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Олон улсын хөгжлийн төлөө Австралийн сайн дурынхан”  хөтөлбөрийн сайн дурын ажилтан  Жерэми Смит МУЗН-д 10 сар ажиллаад буцаж байна. Түүнтэй  уулзаж ярилцлаа.

-МУЗН-д 10 сар ажиллаад буцах гэж байна. Та манай нийгэмлэгт ажилласан сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

- Өнгөрсөн 10 сар  надад мартагдашгүй сайхан цаг хугацаа байлаа. МУЗН-ийн хамт олон болон  монгол хүний сайхан сэтгэл, тусч занд талархаж байгаагаа хэлмээр байна.  Монголд  Австралийн сайн дурынхны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн тус нэмрээ оруулсандаа баяртай байна. Улмаар хоёр улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байв. Монгол орны цаг агаар, хөдөө нутгийн байгалийн сайхан ч миний сэтгэлийг хөдөлгөсөн. Маргааш нутаг буцна.  Эх орондоо очих гэж байгаа нь сайхан боловч Монгол оронд дасан сэтгэл хорогдож байна. Гэхдээ би  сайн дурын ажилтан  хийх учраас эргэн уулзахыг үгүйсгэхгүй шүү дээ.

- Та МУЗН-ийн Эрүүл мэндийн хөтөлбөрийг боловсруулахад  ажилаллаа. Энэ хөтөлбөрийн үр дүнг юу гэж үнэлж байна вэ?

-  Анхны тусламжийн нэгдсэн бодлого болон  цаашид баримтлах сургалтын хөтөлбөрийг боловсруулахад чармайн ажилласан. Анхны тусламжийн сургалтын нэгдсэн хөтөлбөртэй болсноороо МУЗН-ийн нэр хүндэд нөлөө үзүүлэхээс гадна Дунд шатны хороодын хөгжлийг дэмжсэн томоохон ажил болж байгаагаараа онцлог юм.  Олон нийтэд тулгуурласан эрүүл мэнд анхны тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр МУЗН ямар үр дүнд хүрэх стратеги тодорхой болсон нь хамгийн чухал амжилт.  Мөн төв нийгэмлэг, Дунд шатны хороод хөрөнгө  арвижуулах орлогын томоохон үүсвэр болно гэдэгт итгэлтэй байгаа. Улаан загалмай бол хүмүүнлэгийн байгууллага учраас өөрийн гэсэн тодорхой орлоготой байж үйл ажиллагаа нь далайцтай явагдах ёстой.  Өнөөдөр хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат эхэлсэн тул нэн даруй тодорхой үр дүнг МУЗН хүртээсэй, эрүүл мэнд анхны тусламжийн мэдлэгийг олон хүнд сургаж, хүмүүнлэгийн үйлсийг тасралтгүй, үр дүнтэй үргэлжүүлээсэй гэж бодож байна.    

  • Таныг ажиллах хугацаанд  МУЗН-ийн үйл ажиллагааны шинэчлэл, өөрчлөлтийн цаг үе тохиосон. Гадны хүний үнэлэмжээр бид хэрхэн шинэчлэгдэж, өөрчлөгдөж чадав, алдаа, оноо нь юу байв гэж харсан бэ?
  • Үнэндээ анх МУЗН-т ажиллахаар ирэхдээ  шинэчлэлийн үе эхэлж байгаа тухай мэдээлэлгүй ирсэн.   Тасралтгүй ажил оволзож, ажилтнууд нь их ачаалалтай ажиллаж байгааг мэдэрсэн. Тэгээд олон улсын түншлэлийн хуралдаан болсны дараа МУЗН стратеги, дүрэм гэхчлэн баримт бичгүүдээ шинэчлэн боловсруулж, түншлэлийн харилцаагаа өргөжүүлж  байгааг ойлгосон.  Тэгээд ч  Эрүүл мэнд анхны тусламжийн  хөтөлбөрийн  өөрчлөлт нь тус нийгэмлэгийн үйл ажиллагааны шинэчлэлийн нэгэн хэсэг байв.  Өнөөдөр МУЗН бусад үндэсний нийгэмлэгүүдийн жишигт нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, олон улсын төвшинд ажиллах үндэс бүрдсэн байна. Энэ бол богино хугацаанд хийсэн өөрчлөлт, амжилт юм. Цаг хугацаа  үйл ажиллагааны алдаа оноог шүүж өгдөг. Манай эрүүл мэнд анхны тусламжийн хөтөлбөрийн шинэчлэл ч мөн ялгаагүй хэрэгжүүлэх явцад алдаагаа нөхөөд улам сайжрах байх гэдэгт итгэж байна.

Миний бие ажиллаж байсан 10 сар бол МУЗН-ийн шинэчлэлийн оргил үед байсанд  олзуурхаж  байна.

-Сайн дурын ажилтнаар ирэхдээ ямар зорилго өвөртөлж ирсэн вэ?

-Ямар ч байсан  мэргэжлийнхээ дагуу эрүүл мэнд анхны тусламжийн чиглэлээр  МУЗН-т ажиллана гэсэн зорилготой ирсэн.  Өөрөөр хэлбэл, сурсан мэдснээрээ монголчуудад туслаж, өөрийгөө бас соръё гэж бодсон. Харин санасан зорьсон бүхэн маань сайхан бүтлээ. Эрүүл мэнд анхны тусламжийг бусдад үзүүлнэ гэж бодож байснаас бодлогын  хөтөлбөрийг боловсруулахад ажиллана гэж бодсонгүй.  Зөв бодлого, үйл ажиллагааны эхлэл учраас МУЗН-ийн хөгжлийн төлөө  гар бие оролцсондоо маш их баяртай байна.

- Өөрийгөө сорьсон гэж Та хэллээ. Танд ямар сорилт тулгарсан бэ?  

- Би  Яаралтай түргэн тусламжийн төвд ажилладаг байсан.  Миний хувьд ажил мэргэжлийн өөр орчин нөхцөлийг үгүйлэх,  улмаар  өсч дэвжих цаг хугацаа тохиосон байв. Тийм ч учраас Австралийн  Сайн дурынхан хөтөлбөрт оролцох саналаа өгсөн юм.  Хөтөлбөрт тэнцээд Монгол орныг сонгосон. Хатуу ширүүн уур амьсгалтайгаас гадна  хөгжиж буй улс оронд ажиллах нь мэргэжлийн хувьд том шалгуур гэж тооцсон.  Миний сонголт зөв байсан.  Улаан загалмай ажлын огт өөр орчин байв. Цагийн хуваарийн дагуу ажлын таван өдөр найман цаг албан тасалгаанд сууж ажиллах амаргүй үе байсан. Яагаад гэвэл би шөнө, өдрийн ээлжинд гарч,  үргэлжийн хөдөлгөөнд ажилладаг байв. Гэтэл ажлын туршлага, боловсрол мэдлэгтээ тулгуурлан  бодлого боловсруулахад сурсан мэдснээ хуваалцлаа. Ингэснээрээ өөрийгөө ч хөгжүүлж чадсан.

Та Австралийн  Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч гэсэн үг үү?

- Яаралтай дуудлагаар тухайн газарт орчиж,  эмнэлэгт хүргэх хүртэл өвчтөнд эмнэлгийн анхны тусламж үзүүлдэг ажил юм. Танайхаар бол түргэний эмчийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг. Мөн яаралтай тусламж үзүүлэхээр бэлтгэгдэж буй хүмүүст сургагч багш хийж байсан.

- Манайх  танайхаас   анхны тусламж үзүүлэх үйл ажиллагааны хувьд ялгаа байна уу?

- Манайд бол тодорхой шалгуур бий.  Тухайлбал,  эмнэлэгт өвчтөн хүргэгдэхээс өмнө заавал анхны тусламжийг авсан байх ёстой.  Мөн дуудлага өгснөөс хойш  хамгийн цаад талын хугацаа 15 минут байх ёстой гэсэн нарийвчилсан шаардлагуудыг бид мөрддөг. Австралид эрүүл  мэнд анхны тусламжийн үйлчилгээ бол эмчилгээ, асаргаанаас дутахааргүй шаардлага, хариуцлага хүлээдэг юм. Тийм ч учраас анхны тусламж авч, амь нас аврагдах, эдгэрэх хугацаа маш их шалтгаалдаг.

- Австралийн сайн дурын ажилтнуудыг сонгохдоо өндөр шалгуур тавьдаг гэж сонссон. Та ямар шалгуураар сонгогдож ирсэн вэ?

- Сайн дурын ажилд би өөрөө сонирхолтой байсан. Гэхдээ өөрийн сурч мэдсэн мэргэжил, туршлагаа ашиглаж, үр дүнтэй сайн дурын ажлыг би илүүд үздэг. Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөр бол үр дүнг ихэд чухалчсан шалгуур үзүүлэлтүүдтэй. Хөтөлбөрийн энэхүү шаардлага миний хүсэл, сонирхолтой нэгдсэн учраас хүсэлтээ илгээсэн.  Тодорхой шалгуурт би тэнцээд Монголыг сонгосон юм. Монголын хөх тэнгэр, тал нутаг надад гүн сэтгэгдэл төрүүлж энэ улсад очих хүслийг төрүүлж байсан. Ингээд сайн дураар ажиллах, Монгол орныг үзэх хоёр хүсэл маань нэгдээд танай оронд ирсэн юм.

МУЗН-ийн хамт олон дотор нэгэн эд эс нь болоод Та ажиллаж байлаа. Бидэнтэй ажиллахад дурсалтай, сайхан зүйл юм байв?

- Монгол орны сайхан нутгаар ажлаар хэдэнтээ  явлаа. МУЗН-ийн хамт олонтой өдөр тутам ажиллаж, шинэ нөхцөл байдалд дасахыг хичээж, дасан зохицож чадсан.  Цасны баяр, шинэ жил гээд хамт олны баярт мөчүүдийг Та бүхэнтэй хуваалцсандаа баяртай байна.

- Нутагт  таныг Таныг хэн, хэн  хүлээж байна вэ. Гэр бүл, найз нөхөд олон биз?

- Манайх өнөр өтгөн айл. Би  зургаан  хүүхэдтэй айлын отгон.  Австралийн хамгийн зүүн эргийн  жижиг хотод төрж өссөн. 19 настайгаа сурахаар Мельбурн хот руу явж байлаа.   Дараа нь баруун эргийн хотод ажиллаж байсан. Мэдээж  гэр бүлийнхэн  найз нөхөд маань намайг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.   Монголд хэрхэн  ажиллаж, амьдарсан тухайгаа гэр бүл, найз нөхөддөө  ярьж, сонин сайхнаа хуваалцна. Бас монголоос авчирсан бэлгээ тараана даа. Ноолууран эдлэл хэд хэдийг авсан байгаа.

- Таньтай зөрөөд  бас нэгэн Австралийн сайн дурын ажилтан манай нийгэмлэгт ирж ажиллана. Та түүнд ямар зөвлөгөө өгөх вэ?

- Шинэ орчин нөхцөлд богино хугацаанд дасан зохицохыг хичээгээрэй гэж захимаар байна.  Өөрөөр хэлбэл, нэн тэргүүнд  монгол найз нөхөдтэй болох хэрэгтэй . Мэдэхгүй, чадахгүй бүхнээ санаа зоволтгүй асуух хэрэгтэй. Монголчууд их найрсаг хүмүүс гэж хэлмээр байна. 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа