Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Нийтэлсэн өдөр: 2023.12.03, ням


Олон Улсын Улаан Загалмайн хороо, Монголын улаан загалмай нийгэмлэг, Дотоод хэргийн их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран 9 дэх удаагийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө.  Энэхүү тэмцээний  гол зорилго нь Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг олон нийтэд сурталчлан таниулж, оюутан залуусын мэдлэгийг дээшлүүлж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд татан оролцуулахад орших юм.

Тэмцээнд нийт 6 сургуулийн 12 багийн 34 оюутан бүртгүүлж, мэтгэлцээний шатанд Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Их засаг Олон улсын их сургуулийн Их засаг Хууль зүйн сургуулийн багууд оролцсон юм. Тэмцээний мэтгэлцээний шат Дотоод хэргийн их сургуульд зохион байгуулагдаж, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан С.Билэгт-Очир, Э.Энхжин нар тэргүүн байр эзэллээ.

Тэмцээний шүүгчээр Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, Монголын Хуульчдын Холбооны Олон улсын эрх зүйн хорооны Тэргүүн Х.Наранбулаг, Олон улсын Улаан загалмай хорооны Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын Хууль, эрх зүйн газрын дарга Марва Шаббар, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч Ш.Гантулга, Батлан хамгаалахын Энхийг дэмжих олон улсын судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Э.Буянхишиг,  The Nature Conservancy олон улсын ТББ-ын Гэрээний мэргэжилтэн Б.Улсболд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Сайн дурын идэвхтнийг дэмжих багийн ахлагч О.Билгүүн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй хариуцсан ажилтан О.Манлайбаатар нар ажиллалаа.