Нийтэлсэн өдөр: 2020.12.09, лхагва
Коронавируст халдварын цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссоос “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Монгол HD” телевиз, Хаан Банк, VEP продакшинтай хамтран “Тэвч, итгэ, хүлээ” уриатай “Монголчууд гэртээ” теле концертыг амжилттай зохион байгуулав.
Тоглолтын үеэр 334’370’817 сая төгрөг цугларч, тус бүр 60 мянган төгрөгийн хүнсний багцыг 5572 өрхөд хандивлахаар болж, хүнсний багц эхнээсээ зорилтот бүлгийн айл, өрхөд хүрч эхэллээ.
Тодруулбал Монголын улаан загалмай нийгэмлэг 2020 оны 12 сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 2680 өрхийн 17,740 иргэнд хүнсний тусламж үзүүлээд байна. Мөн 21 аймаг, 9 дүүрэгт хүнсний тусламж үзүүлэх ажил үргэлжилж байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй өрх, орон гэргүй, хогийн цэг дээр амьдардаг, хаяг нь тодорхой бус, өрхийн орлого бүрэн зогссон, харгалзах хүнгүй өнчин хүүхдүүд, асрагч нар нь хөл хорионд орсон гэр бүлийн хүүхдүүд зэрэг шалгуур үзүүлэлтээр сонгож, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.