МУЗН Коронавируст халдвартай өвчтөнийг тээвэрлэхээр тоноглогдсон сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг хүлээлгэн өглөө

Нийтэлсэн өдөр: 2020.05.15, баасан

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн Ордон, Улаан загалмай байгууллагаас коронавируст халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан хандивлаж байгаа "Сөрөг даралтат түргэн тусламжийн машин"-ыг Улаанбаатар хотын захиргаанд хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд боллоо.

Үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Засгийн Газрын гишүүн, Улсын Онцгой Комиссын дэд дарга Н.Энхболд, Эрүүл мэндийн Д.Сарангэрэл БНХАУ-ын Элчин Сайд  Цай Вэньруй, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд захирал Д.Хасар, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш нарын холбогдох албаныхан оролцов.


 Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "БНХАУ-д Коронавируст халдвар анх гараад байсан хүнд цаг үед Монголын улаан загалмай нийгэмлэг 20,000 амны хаалтыг БНХАУ-д хандивлаж байлаа. Эргээд өнөөдөр бид халдварт өвчний үед ашиглах сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг хүлээн авч байна. Бид БНХАУ-ын улаан загалмайн нийгэмлэгтэй нягт хамтран ажилладаг бөгөөд гамшиг, осол хүндрэл бэрхшээл тулгарахад нэгнээ дэмжиж ирсэн. Цаашдаа ч хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.


 

Коронавируст халдвартай өвчтөнийг тээвэрлэх зорилгоор тоноглосон сөрөг даралтат түргэн тусламжийн машин нь 350,000 юанийн өртөгтэй халдвартай өвчтнийг зөөвөрлөхөд хэрэглэгдэг. Сөрөг даралтат түргэн тусламжийн машины онцлог нь машин доторх агаарын даралтыг гадаах агаарын даралтаас бага байлгадаг бөгөөд машин доторх агаар чөлөөтэй урсах үед уг агаар гадагш гарахгүй, зөвхөн гаднаас агаар нэвтрэн ордог. Сөрөг даралт нь машин доторх агаарыг нарийн шүүлтүүрээр шүүх ба халдвартай хүнээс гарах нарийн ширхэгт бичил организмыг халдваргүйжүүлсний дараа машинаас үлээн гаргадаг. Ингэснээр хүнд халдвар дамжихаас сэргийлнэ. Халдварт өвчтэй хүнийг тээвэрлэж байгаа үед эмч болон эмнэлгийн ажилтанд халдвар дамжих эрсдэлийг бууруулдаг онцлогтой юм. Уг машин дотор эмнэлгийн яаралтай анхны тусламжийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн ба үүнд AII6001A брендийн амьсгалын аппарат, Aricon брендийн зүрхны цахилгаан бичлэгийн 12 сувагтай аппарат, дефибриллятор, хяналтын дэлгэц зэрэг зүйлс багтжээ.  



Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Засгийн Газрын гишүүн, Улсын Онцгой Комиссын дэд дарга Н.Энхболд "БНХАУ-ын Засгийн газраас Коронавируст халдвартай тэмцэхэд шуурхай арга хэмжээ авч, богино хугацаанд халдварыг эрс бууруулж чадсанд талархал илэрхийлье. Дэлхий дахинд цар тахалтай тууштай тэмцэхэд, хохирол багатай даван туулах, хүн амынхаа амь нас, аюулгүй байдлыг хангахад улс орнууд ихээхэн идэвх чармайлт гаргаж байна. Шинэ зорилт, бэрхшээлтэй нүүр тулж байна. Энэ хариуцлагатай үед бидэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа БНХАУ-ын Засгийн Газар, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн Ордон, Улаан загалмайн байгууллагад талархал илэрхийлье. Хоёр орны Улаан Загалмай Нийгэмлэгүүд идэвхтэй хамтран ажиллаж, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, халдварт өвчнөөс сэргийлэх, гамшгийн хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд төрдөө нэмэлт хүч болж ажиллаж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид хамтдаа коронавируст халдвараас сэргийлж, хохирол багатай даван туулж, чадна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолсон юм.

Мөн БНХАУ-ын Элчин Сайд Чай Вэньруй "Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авсны үр дүнд дотоодод халдвар тархаагүй байна. Энэ бол маш том амжилт. Маш ойр харилцаатай манай хоёр улс бие биенээсээ халдвар авсан тохиолдол гараагүй байгааг би онцлон хэлмээр байна. Энэ нь вирустэй тэмцэхэд бие биенээ дэмжиж, хамтран ажиллаж байгаагийн үр дүн гэдгийг би энд онцолж хэлмээр байна” гэв.