Нийтэлсэн өдөр: 2020.04.10, баасан
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаатай ярилцлаа. Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг иргэдэд үзүүлэхдээ ямар ч “арын хаалга”-гүй, бодит дэмжлэг хэрэгтэй бүлэгт хүргэж чаддаг уг байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх нь зүй ёсны хэрэг билээ. Коронавирусийн халдвар, тархалтын үед ч эдний хувь нэмэр онцгой үүрэгтэй.
-COVID-19 цар тахлаас олон нийтийг урьдчилан сэргийлэхэд Улаан загалмай нийгэмлэг ямар үүрэгтэй ажиллаж байна вэ?
-Коронавирустэй тэмцэхэд Улаан загалмай нийгмийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд олон нийтийг ухуулан сурталчилгаа хийх, гарын авлага тараах, сайн дурынхныг бэлтгэх түлхүү анхаарч ажиллаж байна. Шаардлагатай нөхцөлд ажиллах сайн дурын 410 ажилтныг бэлтгэсэн. Тэд гэрээр өөрийгөө тусгаарласан хүмүүст хяналт тавьж байна. Коронавирусийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг үр нөлөө нь их. Өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг айл өрхүүд хүнсний хомсдолд орох, ядуурах, гэр бүлээ хүчирхийлэх явдал зөвхөн монгол биш дэлхийн олон оронд нэмэгдэж байна. Урлаг соёлынхон бидэнтэй нэгдээд айлуудад хүнсний бүтээгдэхүүн түгээж байгаа. Мөн Чехийн хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэгээр 24 цагийн цэцэрлэгт явдаг байсан 750 хүүхдийн ар гэрт эрүүл мэндийн болон хүнсний багц хүргэлээ. Улаан загалмайн дунд шатны хороодод байдаг оёдлын цехүүдэд амны хаалт оёж, тээврийн товчоодод өдөр, шөнөгүй ажиллаж байгаа хүмүүст тарааж, халуун цай, хоол өгдөг. Цаашдаа Хятадын Улаан загалмай, Олон улсын Улаан загалмайтай хамтраад COVID-19-ийн тест авахаар төлөвлөж байна. Бидний хэн нь ч өнөөдрийн байдлаар коронавирусийн тест өгөөгүй л явна. БНХАУ-д хоёрдугаар сард нөхцөл байдал хүнд байсан бол дөрөвдүгээр сард хэвийн горимдоо шилжиж байна. Гэвч шинж тэмдэггүй COVID-19 вирус тээгчид гарч ирж байгаа. Тиймээс бид ирэх тав, зургадугаар сард “Нарантуул” зах дээр эсвэл Баянхошуунд очоод санамсаргүй түүврийн аргаар тест явуулах юм. ӨМӨЗО-ны Улаан загалмай нийгэмлэгээс манайд сөрөг даралттай түргэний машин бэлэглэж байгаа. Энэ нь халдвартай хүн суухад ариутгалаа хийчихдэг, дараагийн хүнээ халдваргүй орчинд авах ухаалаг горимтой. Энэ машинд сайн дураараа коронавирусийн тест өгөх хүмүүсээ суулгаад шинжилгээ авах юм. Ингэснээр шинж тэмдэггүй коронавирус тээгчид байгаа эсэхийг илрүүлэхэд нэн тустай.
-Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хувьд харилцаа холбоо тогтоож, COVID-19-тэй тэмцэх ажилд хувь нэмрээ оруулахад тустай байх?
-Коронавирустэй тэмцэх чиглэлээр бидэнд хийх ажил маш их байна. Үйл ажиллагаагаа төлөвлөж, хүмүүсээ бэлтгэсэн. Япон улс Олон улсын улаан загалмай холбоогоор дамжуулаад урьдчилан сэргийлэх чиглэлийн ажилд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Хараахан санхүүжилт нь орж ирээгүй ч ойрын хугацаанд шийднэ гэж найдаж байна. Цаашид бид коронавирусээс урьдчилан сэргийлэх, хоёрт дэгдэлтийг бууруулах чиглэлээр ажиллахаар Олон улсын улаан загалмайн холбооноос өдөр тутам зөвлөгөө авч бусад үндэстнүүдээс суралцаж байна.
-Хаваржилт эрс хүндэрч байгаа аймгуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн үндсэн үүрэг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад туслах явдал юм. Улаан загалмай нийгэмлэг энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Зуданд малаа алдаж байгаа малчдын амьжиргаа муудаж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Тийм учраас зудын эрсдэлийг хэрхэн даван туулах, малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Улаан загалмай гамшгийн хөтөлбөрийн хүрээнд гол анхаарлаа хандуулдаг. Олон жилийн туршлагаас харахад зуд болсны дараа малчдад тусламж үзүүлэхэд зарим талаар оройтсон байдаг. Тэгэхээр цаг уурын урьдчилсан мэдээнд суурилан зудын эрсдэлийг бууруулах, багасгах хөтөлбөрийг Олон Улсын Улаан Загалмайн холбоотой хамтран сүүлийн хоёр жил хэрэгжүүлж байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас жил болгон зудын эрсдэлийн зураг гардаг. Хамгийн эхний зудын эрсдэлийн зургаар найман аймгийн 61 сумын 1000 малчин өрх зудад өртөх өндөр эрсдэлтэй байсан. Тиймээс урьдчилж дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд 1000 өрх тус бүрт 240 мянган төгрөг, малын эрдэс тэжээлийн багц өглөө. Гэтэл үүний дараа эрсдэлийн үнэлгээгээ өөрчлөгдөж, зудтай болон зудархуу гэж үнэлэгдсэн. Ингээд Олон улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны “Гамшгийн яаралтай тусламжийн сан”-гийн дэмжлэгтэй 1750 өрхөд мөнгөн дэмжлэг болон малын эрдэс тэжээлийн багц тусламжийг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ жил Завхан, Увс аймагт өвөлжилт хамгийн их хүндэрсэн. Зудын зураглалаар нийт 2750 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдээд ажил хэрэг болж байна.
-Мөнгөн дүнгээр эдгээр дэмжлэг, туслалцааг тооцвол хэдий хэмжээний хөрөнгө болж байгаа вэ. Дэмжлэг, туслалцаа авах малчныг яаж тодорхойлдог вэ?
-Нэг тэрбум гаруй төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг зудад өртсөн, эмзэг бүлгийн 2750 малчинд хүргүүлж байна. НҮБ-ын суурин төлөөлөгч болон ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарын удирддаг улс орны хүмүүнлэгийн баг бий. Энэ баг өвөлжилт хүндэрсэн, гамшиг тохиолдож байгаа үед хэнд, хэрхэн туслах, ямар олон улсын байгууллага аль суманд хүрч ажиллах, үзүүлж буй тусламж дэмжлэг давхардахгүй байх зэрэг ажлыг зохион байгуулдаг зарчимтай. Малчдын нэрийг тухайн аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмай нийгэмлэг шалгуурынхаа дагуу сонгодог. Тухайлбал, 200 хүрэхгүй толгой малтай, дөрвөөс олон хүүхэдтэй, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй гээд тодорхой шалгуурууд бий.
-Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хэрээр малчдын амьжиргаа сүүлийн жилүүдэд эрс сайжирсан. Тиймээс заавал малчдад туслах шаардлагатай юу гэсэн асуулт гарч байна?
-Улаан загалмай малчдад туслах үйл ажиллагаанд илүү анхаарал тавьдагийн учир нь малчид амьжиргаагаа алдсанаар ядуурал нэмэгдэнэ. Улмаар хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн нүүдэл ихсэж, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө ихтэй. Тийм учраас малчдыг дэмжиж, амьдрал ахуйд нь хувь нэмэр оруулж, зудын гамшгийг даван туулахад нь туслах бидний хамгийн гол анхаарах стратеги байдаг. 2009-2010 оныг хамарсан их хэмжээний зуд болоход Монгол Улс нэг сая малаа алдаж, олон малчин өрх амьжиргаагаа алдсанаас хойш хот руу шилжих хөдөлгөөн, ажилгүйдэл, ядуурал ихэссэн шүү дээ. НҮБ-ын улс орны хүмүүнлэгийн баг олон улсын ямар байгууллага хэдэн аймгийн хичнээн малчинд тусламж үзүүлсэн талаар дэлгэрэнгүй судалгаа гаргаж өгдөг учраас мэдээлэл давхацдаггүй. Тухайлбал, Завхан аймагт НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламж үзүүлсэн бол бид үүнийг давхцуулахгүй байх аргачлалд анхаардаг. Улс орны хүмүүнлэгийн багт манай Онцгой байдлын газраас тогтмол мэдээлэл хийдэг. Тухайлбал, “Засгийн газрын зүгээс 12 аймгийн 87 суманд өвөлжилт хүндэрч, 2000 малчин өрх отроор нүүж байна. Тэдэнд 2.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өвс тэжээл үнэгүй олголоо” гэсэн мэдээлэл авсан бол тухайн айлд хүмүүнлэгийн тусламж давхардуулж олгохгүй байх зарчимтай ажилладаг. Улаан загалмай төвийг сахих, биеэ даах, шударга энэрэнгүй байх зарчимтай учраас тусламж хүлээн авах малчин өрхийг сонгоход аймаг, сумын засаг дарга, тамгын газраас санал авдаггүй. Бид Онцгой байдлын газар хэлтэс, Улаан загалмай сайн дурынхны баг, үндэсний гамшигтай тэмцэх баг, аймагт байгаа дунд шатны хорооны гамшигтай тэмцэх баг гээд бэлтгэгдсэн хүмүүстэй. Тэднээр дамжуулж эмзэг байдлын судалгаа авдаг. Тийм учраас хүмүүнлэгийн үйл ажиллагааг эзнийг нь олж хүргэх ёстой гэдэг ёс зүйн хатуу дүрэмтэй ажиллаж байгаа.
-Нийслэлийн захын гэр хорооллын иргэдийн амьжиргаа бас л хүнд байна. Тэр тусмаа шар усны үерийн аман дээр буусан, өрх толгойлсон, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс их бий. Эдгээрт чиглэсэн ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Бид зуны улиралд үерт гэр орон нь урсчихсан айл өрхүүдэд туслах, үерийн дараах хохирлыг барагдуулах чиглэлээр амьжиргаагаа алдсан иргэдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх ажлыг хийж байсан. Өвөлдөө голдуу малчдад туслах чиглэлээр ажилладаг. Энэ жил хаваржилт хүндхэн байна. Тийм учраас үер, түймрээс сэргийлэх чиглэлээр Улаан загалмай сайн дурынхнаар дамжуулсан сургалт, сурталчилгааны ажлыг хийж байна. Мөн COVID-19 вирус дэгдсэнээс хойш үйл ажиллагаагаа онлайнд чиглүүлж байгаа. Шуурхай бүх зүйлийг зайнаас амжуулах аргад суралцаж байна. Онцгой нөхцөл байдал, халдвартай бүсэд ажиллах сайн дурынхныг бэлтгэж байгаа. 2015 оноос хойш өвөлжилт, хавар жилт хүндэрсэн малчид, үерт өртсөн иргэдэд нийтдээ найман тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.
-Нийгмийн эрүүл мэндийг дэмжих тал дээр хэд хэдэн төсөл эхлүүлсэн байсан. “Бяцхан зүрх” төсөл цаашид үргэлжлэх үү. Энэхүү төсөлд хэчнээн хүүхэд хамрагдсан бэ?
-2019 онд зудын эрсдэл харьцангуй бага байсан учраас бид нийгмийн эрүүл мэндийг дэмжих тал дээр түлхүү анхаарсан. 2017, 2018 онд Хятадын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтраад зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүдэд мэс засал хийх ажлыг Бээжин хотын эмнэлгүүдэд, мөн Хөх хотын ардын эмнэлгүүдийн зүрхний тасагт эмчлүүлэх ажлуудыг хийсэн. Түүнчлэн 2019 онд “Энержи Ресурс” компани “Бяцхан зүрх” төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлсэн. COVID-19 вирус дэгдэхээс өмнө 24 хүүхэд зүрхний хагалгаа хийлгэж, эрүүл болоод эх орондоо амжиж ирсэн. Коронавирусийн дэгдэлт намжиж, хөл хорио тавигдсаны дараа зүрхний төрөлхийн гажигтай, эцэг эх нь төлбөрийн чадваргүй, боломж тааруу хүүхдүүдийг сонгож, зүрхний үнэ төлбөргүй мэс засал хийлгэх ажлаа үргэлжлүүлнэ. Мэс заслын зардлыг 2017, 2018 онд Хятадын тал хариуцсан бол 2019 онд “Энержи ресурс” компани санхүүжүүлж байна.
-2017 оноос хойш гэхээр хэчнээн хүүхэд энэ төслийн үр шимийг хүртсэн бэ?
-БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Улаан загалмайн сангийн санхүүжилтээр 98 хүүхэд эрүүл, саруул болсон. “Энержи ресурс” компанитай хамтраад 60 хүүхдэд зүрхний мэс заслыг хийхээр зорьж байгаа. Хятадын тал эмчилгээний зардлыг 50 хувь хөнгөлж байгаа. Тийм учраас эхний ээлжинд 40 хүүхдийн мэс заслыг “Энержи ресурс”-ийн зардлаар хийхээр төлөвлөсөн. Үүнээс 24 хүүхэд бүрэн эмчлэгдлээ. Одоо 16 хүүхэд хүлээж байна. Коронавирус намжсаны дараа үлдсэн хүүхдийг ӨМӨЗО-нд зүрхний хагалгаанд оруулахаар зэхэж байгаа. Эцэг эх нь манайхтай байнга холбоотой байдаг. Мөн БНХАУ, ӨМӨЗО-ны Улаан загалмайтай бид сүүлийн хоёр жил хамтарч бас нэг эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлсэн. Монгол орон жилийн турш агаарын хуурайшилттай учраас нүдний болор цайх өвчний тоо өндөр бүсэд ордог. Ялангуяа манай 50-55 нас болон түүнээс дээш настай ахмадуудын дунд, тэр дундаа хөдөө орон нутагт мал маллаж байгаа хүн амын дунд нүдний болор цайх өвчин элбэг тохиолдож байна. БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран нүдний болор цайх өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлсэн. Ахмад настай хүн ертөнцийг харах чадвараа алдвал асаргаа сувилгаа, гэр бүлийн нэг гишүүн байнга тусалж, дэмжих шаардлагатай болдог. Тийм учраас хүмүүнлэгийн салбарт нүдний болор цайх өвчнөөс урьдчилан сэргийлэх, үнэ төлбөргүй мэс ажилбар хийхэд Улаан загалмай хамтарч байгаа.
-Нүдний болор цайх өвчтэй хүнийг ямар байдлаар сонгодог вэ?
-Бид өнгөрсөн жилээс энэ ажлыг эхлүүлэхдээ Дорнод, Хэнтий, Сүхбаатарын ахмадуудыг ӨМӨЗО-ы Алтан эмээл гэдэг газарт Хөх хотоос ирсэн нүдний мэс заслын баг хийсэн. Дараа нь Өмнөговийнхон Бугат гэдэг газарт хийлгэсэн. Энэ мэтчилэн чиглэл чиглэлээр зохион байгуулсан. Нийт 851 хүнийг үзлэгт хамруулснаас 310 хүн Алтан-Эмээл, Халиут зэрэг газар болон Улаанбаатар хотод нүдний болор солих мэс засалд орсон. Цаашид Улаан загалмай нийгэмлэг жил болгон нүдний болор цайх өвчтэй ахмадуудад болор солих мэс заслыг хийлгэх ажлаа зохион байгуулна. Мэс заслын санхүүжилт одоогоор БНХАУ-ын талаас 100 хувь гарч байгаа. Гэхдээ манайд мэдээж хүлээн авах, эмнэлгээ бэлдэх бусад олон зардал гардаг. Манай улсад нүдний болор солих мэс засал 1.2 саяас 1.6 саяын өртөгтэй байдаг. Тэгэхээр дунджаар нэг хүнд сая гаруй төгрөгийн үнэтэй мэс заслыг төлбөргүй хийж өгч байна гэсэн үг.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин