Үндэсний аврах Бригадын албан хаагчид цусаа хандивлав

Нийтэлсэн өдөр: 2020.02.20, пүрэв


Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа энэ үед эмнэлгүүдэд Цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага ч хэвийн хэмжээнээсээ буурахгүй байгаа. Ийм онцгой нөхцөл байдал үүссэн үед Цусны албаны үйл ажиллагааг дэмжиж, цусаа бэлэглэх сайн санааны үйлст байгууллага, хамт олноороо идэвхтэй хамрагдахыг нийт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд, идэвхтэн доноруудад Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс уриалсан. Энэ уриалгын дагуу ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын ажилтан албан хаагчид сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгдлээ. Тодруулбал, Монголын улаан загалмай нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн улаан загалмайн хороо хамтран Үндэсний аврах Бригад дээр очиж, явуулын цус цуглуулах үйл ажиллагааг 2020 оны 2 дугаар сарын 20-ний өдөр зохион байгуулав. Үндэсний аврах Бригадын 50 гаруй албан хаагч сайн дураараа цусаа хандивлав. Эдгээр 50 гаруй албан хаагчид дунд цусны донор, сайн дураараа тогтмол цусаа хандивладаг хүн олон байлаа. Мөн Үндэсний аврах Бригадын бие бүрэлдэхүүнд жилд 1-2 удаад тогтмол цусны өдөрлөг зохион байгуулж, цусаа бэлэглэдэг юм байна. Эрдэнэт хүний амь нас аврахад үнэтэй хувь нэмэр оруулж, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгдсэн  ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлье.