Нийтэлсэн өдөр: 2020.02.19, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 13.2.4-д заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага нь гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалтыг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, оршин байгаа газар нутаг, байгууллагын өмнө тавигдаж буй зорилго, зорилттойгоо уялдуулан сургалтын агуулгыг сонгон ашиглах боломжтой байх нөхцлийг бүрдүүлсэн “Сургалтын модуль”-ийг боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Ажлын даалгаврын зорилго: Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалтын модулийг бэлтгэх, сургалтын модульд үндэслэн гарын авлага боловсруулах
Ажлын даалгавар: Зөвлөх баг нь дараах сэдвийн хүрээнд сургалтын модулийг бэлтгэнэ. Үүнд:
1) гамшгаас хамгаалах үйл ажиллагаа,
2) гамшгийн эрсдэлийг бууруулах арга зам,
3) гамшгаас хамгаалах төлөвлөгөө
Эцсийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлага:
- Сургалтын модуль, гарын авлага нь гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлагын онол, аргазүйд үндэслэсэн, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дагаж мөрддөг эрхзүйн баримт бичигт нийцсэн байх
- Сургалтын модуль, гарын авлага нь манай оронд түгээмэл тохиолддог гамшгийн бүх төрлийг хамарсан, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, мөн гамшгийн үед ямар хариу үйлдэл үзүүлэх гэх мэт гамшгийн өмнө, үед, дараа гэсэн бүх үе шатыг хамарсан өргөн хүрээтэй байх
- Гарын авлага нь байгууллага өөрсдөө гамшгаас хамгаалах сургалтыг бие даан зохион байгуулах боломжийг бүрдүүлэхүйцээр боловсруулагдсан байх
- Гарын авлага нь аль болох ашиглахад энгийн, ойлгомжтой байх бөгөөд суралцагчийн идэвх сонирхлыг татахуйц, сэдвийн агуулгыг бүрэн тусгасан, сонирхолтой жишээ, кейсүүдтэй, цэгцтэй мэдлэг, чадвар олгоход чиглэнэ
Даалгавар гүйцэтгэх хугацаа: Гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 сар
Зөвлөх багт тавигдах шаардлага: Дээрх даалгаврыг гүйцэтгэх зөвлөх баг нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Зөвлөх баг нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажилласан 5-аас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх;
- Эрдэм шинжилгээний болон багшлах, заах арга зүйн туршлагатай байх;
- Сургалтын гарын авлага, сургалтын модуль боловсруулах ажлын дадлага, туршлагатай байх;
- Сургалтын модуль боловсруулахад шаардлагатай гадаад хэл дээрх материалыг ашиглах чадвартай байх;
- Төрийн болон төрийн бус байгууллагад гамшгаас хамгаалах чиглэлээр зөвлөх, экспертээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Ирүүлэх материал: Сургалтын модуль боловсруулах зөвлөх багаар ажиллах сонирхолтой этгээд нь дараах материалыг бүрдүүлэн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 15:00 цагаас өмнө МУЗН-ын төв байранд битүүмжлэн авчирч өгнө. Үүнд:
• Багийн гишүүдийн талаарх товч танилцуулга;
• Багийн гишүүдээс ижил төстэй чиглэлээр хийсэн ажлын туршлага, мэдээлэл /ажлын жагсаалт/;
• Ажлын даалгаврыг гүйцэтгэх урьдчилсан төлөвлөгөө;
• Даалгаврыг гүйцэтгэх үйлчилгээний үнийн санал.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.redcross.mn/ цахим хуудас болон 77770508 /201/ дугаарын утсаар холбогдож авна уу.
Жич: Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон шаардлага хангахгүй материалыг шалгаруулалтанд оролцуулахгүйг анхаарна уу.