Гамшгаас хамгаалах тухай хуулийг таниулах чиглүүлэгч багш нарыг бэлтгэв

Нийтэлсэн өдөр: 2019.06.10, даваа


Монголын улаан загалмай нийгэмлэг, Онцгой Байдлын Ерөнхий Газар хамтран 2019 оны 6-р сарын 5-нд Гамшгаас хамгаалах хуулийг олон нийтэд таниулах чиглүүлэгч багш нарыг бэлтгэх сургалт зохион байгуулав.: Сургалт Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд болсон бөгөөд 20 аймаг, 9 дүүргийн арга зүйчид хамрагдсан юм. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо нь 2015 оноос ОБЕГ-тай Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтран ажилласан ба 2017 онд Гамшгаас хамгаалах хуулийн шинэчлэн найруулагдсан хувилбар нь батлагдсан юм. 


Гамшгаас хамгаалах тухай хууль болон түүнтэй холбоотой боловсруулагдан гарсан баримт бичгийг суртачлах, хуулийн өмнө ард иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг нь таниулах шаардлага гарч ирж байна. Тус хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх хүрээнд, Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран “Өөрийн эрх, үүргээ мэдэцгээе” Гамшгаас хамгаалах тухай хуулийг олон нийтэд хүргэх чиглүүлэгч багшид зориулсан сургалтын модулыг боловсруулсан юм.


Цаашид энэхүү сургалтын загварыг ашиглан сургалтад хамрагдсан 20 аймаг, 9 дүүргийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороод хамтран иргэдийн дунд Гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан эрх, үүргийг таниулах сургалтыг зохион байгуулах боломжтой юм.