Нийтэлсэн өдөр: 2019.05.09, пүрэв
“Би өөрийгөө Монгол Улстай ямар нэгэн байдлаар аль ч цаг үед холбоотой байсан гэж боддог. Би монголд элэгтэй жирийн нэг хүн” гэж ярих энэ хүнийг Дэвид Бэллатала гэдэг. Түүний хэлснээр тэр монголд элэгтэй Итали хүн. Тэрбээр угсаатны зүй судлаач мэргэжилтэй. Тэртээх 1992 онд докторын зэрэг хамгаалахаар “Бөө мөргөл” болон “Нүүдэлчдийн соёл” сэдвүүдийг сонгон аваад судалгааныхаа ажлаар монголд анх удаа хөл тавьж байжээ. Тухайн үед Италийн Флоренцийн Их сургууль “Торгоны зам” судалгааны ажлыг эхлүүлсэн байсан тул тэрхүү судалгааныхаа хүрээнд торгоны зам дагуух улс орнуудаар аялаж судалгаагаа хийж байсан нь түүний наашаа ирэх шалтгаан байсан байжээ. Судалгааны ажлын хүрээнд нүүдлийн соёлын үндсэн утга, санаа, өвөрмөц байдлыг олж мэдэхийн тулд Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл зэрэг олон аймгуудаар аялж нүүдэлчдийн аж амьдрал, хэв маяг, ёс заншлуудыг амьдрангаа судалж, эхэлсэн нь түүнийг ийнхүү Монголд “уяжээ”.
“SOS TAIGANA”-ИЙН ДЭВИД
Түүний хувь дэлхийд цорын ганц гэж хэлж болохоор хэв маяг, зан заншлаа хадгалан үлдсэн ард түмэнд гэж Монголчуудыг үздэг юм байна. Тэрбээр энэ талаараа “Анх намайг судалгааны ажлаар Монголд ирэхэд хүн болгон халуун дотноор хүлээж авсан. Миний идэх хоол, өмсөх хувцас, унтах орон байрыг минь хүртэл зааж зөвлөж байсан. Тухайн үед зөвхөн судалгааны ажил миний хувьд чухал байсан. Хөдөөгөөр явж судалгаа хийх тоолонд хүмүүсийн амьдралын хэв маяг, ёс заншил, соёл уламжлал өөрийн эрхгүй надад илүү гүнзгий судлах байсан юм.
1994 онд манай судалгааны багийнхан Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд цаатангуудын судалгааны ажлаар очиж нэг сар орчим амьдарсан. Тэгэхэд цаа буга нь бруцеллёз гэх мэтийн халдварт өвчин эмгэгт ихээр нэрвэгдэж устах аюулд ороод байжээ. Цаа буга гэлтгүй малын сүүгээр дамжин нутгийн иргэдэд халдах аюултай тулгарсан байжээ. Цагааннуур, Ренчинлхүмбэ сумдад аж төрдөг цаатангууд маань аймгийн төвөөсөө алс амьдардаг, мөн тэр үед нийгмийн байдал ч шилжилтийн үе дээрээ хүнд хэцүү байсан цаг болохоор тэрхүү малын, малаас хүнд халдварлаж буй өвчинтэй хэрхэн тэмцэх талаар төдийлөн ойлголтгүй нь Дэвидийн хувьд сэтгэл түгшээсэн асуудал болжээ. Улмаар цаатангуудын ахлагчдын нэгээр энэ асуудлыг авч анхааралдаа аваач, цаатангууд, цаа буга, нутгийн онцлог ингэж устаж үгүй болж болохгүй гэсэн тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг газарт илгээгээд Итлалийг зорьсон байна. Италид 5 сар хэрийтэй амьдарч байгаад ирэхэд түүний бичсэн захианы талаарх мэдээллийг тухайн үеийн 2 сонин дээр нийтлэснээс өөр ямар ч ажил хийгдээгүй байсанд харамсангүй ярив. /уурлав/. Тэгээд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан Л.Одончимэдэд хандаж мэргэжлийн зөвлөгөө, хүн хүч, бидний зүгээс хандив босгож хамтран “SOS Taigana” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэж л түүний хүмүүнлэгийн ажил эхэлсэн аж. Анх төслийг хэрэгжүүлж эхлэхэд 250 цаатан иргэн, 450 цаа буга Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд амьдарч байжээ. Энэхүү төслөө 8 жилийн хугацаанд хэрэгжүүлснээр цаа бугын тоо толгой 1200 хүрч өссөн байна. Ийм амжилттайгаар төслөө хэрэгжлүүлсэн түүнийг “SOS Taigana” – ийн Дэвид хэмээн нэрлэдэг гэнэ.
Мөн малаас хүнд халдварлаад байсан бруцеллёз өвчний дэгдэлт намдсан аж. “SOS Taigana” төслийг амжилттай хэрэгжүүлсний дараахан буюу 2000 онд Монголын улаан загалмай нийгэмлэгээс надад дахин нэг төсөл дээр хамтрахыг санал ирүүлсэн нь орон гэргүй хүүхдүүдэд туслах, хамгаалах зорилгоор Чингэлтэй дүүргийн улаан загалмайн хороотой хамтран “House of Hope” төсөл байжээ. Тухайн үеийн нийгмийн байр байдлаас үүдэн гудамжинд, орон гэргүй хүүхдүүд их байсан тул эмзэг бүлэг рүү хандсан энэхүү төсөлд хамтран ажилласан байна. Дэвид МУЗН-тэй хамтран ажилласан хоёр төсөл амжилттай хэрэгжиж улмаар 3 дахь төсөл буюу “Ger for Life” төслийг эхлүүлжээ. Тэрбээр гурав дахь төслөө Чингэлтэй дүүргийн улаан загалмайн хорооны дарга асан, одоо МУЗН-ийн зөвлөхөөр ажиллаж байгаа Д.Цэрэнсодном даргатай хамтран цогц төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн байна.
Төслөөр дамжуулан байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй эко гэр цогцолбор байгуулж орон гэргүй иргэдийг хамруулсан байна. Төслийн хүрээнд хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, чадахижуулах сургалт явуулах, цагийн ажил хийх чадвартай болгох зэргээр аль болох бие даан амьдрахад нь тусалдаг. Хоёр жилийн хугацаанд хэрэгжсэн төсөл дуусаад тэдэнд өөрсдийн гэрийг нь өгөөд нүүлгэхэд өөрсдөө бие даан амьдрах чадвартай болсон байгааг хараад баярлаж байснаа Дэвид Бэллатала энд дурсан юм. Амьдралын гэр төслийг хэрэгжүүлэх сэдэл бараг дөрвөн жилийн өмнөөс төрсөн гэнэ. Гэвч газар чөлөөлөх асуудлаар хугацаа нэлээн алдаж бараг 2 жил өнгөрсний эцэст байгаа сул газар дээрээ л эхлэхээр шийджээ. Гэр цогцолборыг үер, аадар бороо, цасан шуурганд тэсвэртэй болгох зорилгоор газраа маш сайн засах хэрэгтэй байсан тул уулын налуу энгэрийг эхлээд эксковатораар тэгшилж бетон, цемент, арматурын төмөр ашиглан бөхлөөд эко хавтангаар бүрж дараа нь хашаа хороо бусад ажлууд хийгдэхэд 2 зуны ажил шаардагдсан бөгөөд өнгөрсөн 2018 оны 9-р сард нээлтээ хийж иргэдийг хамруулж эхэлсэн байна. Одоо тус цогцолборт хөгжлийн бэрхшээлтэй, иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүмүүс амьдарч байгаа аж. Мөн иргэдийг чадавхижуулах нийгэмшүүлэх, соёл, харилцааны чиглэлийн тогтмол сургалтанд суулгаж байгаа аж.
БИЧСЭН НОМОО БОРЛУУЛЖ ТӨСЛИЙН ГОЛ САНХҮҮЖИЛТЭЭ БОСГОДОГ
Тэрбээр дэлхийн 112 орноор явж судалгаа хийж, судалгааныхаа талаарх, үзсэн харсан хийгээд орон орны онцлогийг тусгасан ном бичжээ. Бичсэн номоо борлуулж төслийн санхүүжилтээ босгодог аж. Дэвид Бэллатала энэ талаар “Миний номын эхний хуудсыг нээвэл номноос олсон орлогыг бүгдийг нь төслийн үйл ажиллагаанд зарцуулдаг гэдгийг унших боломжтой. Бичсэн бүх номон дээрээ ингэж бичдэг. Номын борлуулалтын орлого нь “Need you onlus” ТББын нэр дээрх тусгай дансанд төвлөрч тэндээсээ санхүүжилтэнд ордог. Хоёрдугаарт, “Need you оnlus” төрийн бус байгууллага болон Италийн спорт хувцас үйлдвэрлэлийн “Монтура” компаниас бүрдэнэ. Энэ хоёр байгууллага бол төслийн гол хоёр санхүүжүүлэгч. Би жилд 2-3 удаа өөрийн зардлаар Италид очиж төслийн санхүүгийн тайланг санхүүжүүлэгчиддээ танилцуулдаг. Гуравдугаарт, бидэнд тусалдаг хувь хүмүүсийг дурьдахгүй байхын аргагүй. Итали болон Монголоос хувь хүмүүс мөнгөн хандив өргөхөөс гадна цаг зав, сэтгэл зүрхээ зориулж хийдэг хөдөлмөрийн хандивын үр шимийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй юм” гэсэн юм. Түүний монголын тухай бичсэн “Үүлээр аялахуй” ном нь 2018 оны дэлхийн шинжлэх ухааны номын төрөлд бэстселлер болжээ. Энэ номыг уншсан хүн болгон Монголд ирэх, Монголын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаагаа Дэвидэд дэлхийн өнцөг булан бүрээс цахим шуудангаар ирүүлдэг гэнэ.
МОНГОЛЧУУДЫН НАДАД ӨГСӨН ЗҮЙЛИЙГ ЭРГҮҮЛЖ ӨГМӨӨР БАЙНА
25 жилийн хугацаанд гадна, дотны тусламжийн байгууллагуудтай хамтран 3 том төсөл хэрэгжүүлж олон мянган хүнд дэмжлэг болсон Дэвид Бэллаталаар бахархах сэтгэл төрж байв. Тэрбээр “Би Монголчууд надад өгсөн зүйлийг л тэдэнд эргүүлэн өгмөөр байна. Би хэдий Монгол хүн биш ч өөрийгөө Монголын нэг хэсэг гэж 100 хувь мэдэрдэг. Би Итали, Австрали, Монгол хүн байх нь чухал биш. Дэлхийн хаана ч яг л монголчууд шиг бие биедээ тусалж байж сайн сайхан амьдрах боломжтой.” гэж ярихыг сонссон “БАЯРЛАЛАА” гэж хэлэхээс өөр үг олдохгүй нээ