Нийтэлсэн өдөр: 2019.05.06, даваа
“М Си Эс” группын Дэд ерөнхийлөгч, “Шарк танк” нэвтрүүлгийн шүүгч Д.Энхтүвшинтэй ярилцлаа. Тэрбээр Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хэд хэдэн хүмүүнлэгийн үйлсэд оролцоод байгаа билээ.
-Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран нэлээд олон хүмүүнлэгийн ажил хийж байна. Ямар ямар ажил хийгээд байна вэ?
-Хүмүүс бие биедээ туслах шаардлага, хэрэгцээ байнга гарч байна. Энэ хэрээр хүмүүст туслах, хүмүүнлэгийн ажил нэлээдгүй хийж байна. Зарим хүмүүс боломжтой нэг нь бусдад тусалдаг гэж боддог. Миний хувьд цөөн хүнд биш, боломж боломжоороо олон хүнийг хамруулж хүмүүнлэгийн үйл ажиллагаа, бусдад туслах ажил хийвэл зүгээр юм болов уу гэсэн үүднээс хүмүүнлэгийн ажилд нэгдэж, гар бие оролцоод явж байна. Нэрлэж, дурдаад байхаар олон ажил биш ч өөрийнхээ хэмжээгээр бусдад туслаад л явж байна.
-“Тусч хүү” дүрсжүүлсэн хүмүүнлэгийн үйлсэд оролцоод явж байгаа юм байна. Үүгээрээ дамжуулан бусдыг сайн үйлсэд уриалж байгаа харагдсан. Энэ талаараа та манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяртай хамтраад “Тусч хүү” дүрсжүүлсэн үйлсийг санаачлан ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд 10 гаруй нэвтрүүлэг бэлтгэж олон нийтийн сүлжээгээр дамжуулж байна. Хүмүүнлэг, сайн үйлсэд иргэдийг уриалах зорилготой энэхүү ажлыг санаачлаад ажиллаж байна.
-10 гаруй жилийн өмнө хувиараа хэд хэдэн газарт номын сан байгуулах ажил эхлүүлсэн. Одоогоор хэчнээн газарт номын сан байгуулаад байна вэ?
-Анх нэг франц найзаасаа сургууль завсардсан хүүхдүүдэд тусалж байгаа талаар нь сонссон. Өөр нэг Герман хүн сургууль завсардсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд тодорхой хэмжээгээр тусалдаг талаар сонсож байлаа. Тэр үед гадны хүмүүс ингэж бидний хийж чадаагүй, хийгээгүй орхисон зүйлийг хийж байгааг хараад бид өөрсдөө яагаад хийж болдоггүй юм бэ гэсэн бодол төрсөн. Тэрнээс хойш хүүхдүүдэд тусалж эхэлсэн. Миний хувьд зорилтот бүлгийн хүүхдүүдийн боловсролд, боловсролын чиглэлд нь нэмэр болъё гэсэн үүднээс Баянхошуунд сургууль завсардсан хүүхдүүдэд албан бус боловсрол олгодог “Хүүхдийн гэрэл” ТББ-тай хамтран ажиллаад олон жил болж байна. Өдрийн халуун хоолтой, номын сан, хүүхдийн тогтлоомын талбайтай 2 давхар байр барьж өгсөн. Хүүхдүүд бидний ирээдүй. Тийм учраас хүүхдүүд рүү чиглэсэн, тэдний боловсролд хувь нэмэр болох үүднээс 10 гаруй жилийн өмнө алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд номын сан барих ажил эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нэлээд олон газар номын сантай болоод байна. Хүүхдүүд тэр номын санд хичээлээ хийдэг. Хичээлийн бус цагаар гэрэлтэй, гэгээтэй зүйлийг олж хараасай, олж уншаасай гээд тусалж байна. Хамгийн сүүлд Вива сити хороололд “Бяцхан мэргэд” номын санг тохижуулж өгсөн. Хааяа очоод харахад тэнд суугаа, үйлчлүүлж байгаа хүүхдийн тоо нэмэгдэж байгаад баяртай байдаг. Миний зорилго бол энэ олон хүүхдүүдээс ядаж нэг хүүхэд аливаа зүйлийг өөрөөр хардаг болоосой гэж хүсч байна. Эдгээр номын сан хүүхдүүдийн ирээдүйд нөлөөлж чадахуйц байгаасай л гэж хүсэж, мөрөөдөж байна. Энэ л миний хийж чадах хамгийн том тус болов уу. Яагаад гэвэл би өөрөө олуулаа өссөн. Манай байр их жижигхэн байсан. Олуулаа байдаг байсан болохоор би ихэнхдээ номын санд байдаг байсан. Өнөөдрийн намайг бий болоход тэр номын сан, уншсан номнууд их нөлөөлсөн байх гэж боддог. Тэр ч утгаараа хүүхдүүдэд тусалж байна. Би дан ганцаараа тусалж байгаа зүйл биш. Энэ бүхний цаана маш олон хүний хамтын хүч, хөдөлмөр байгаа. Хамтын хүчээр монголын ирээдүй болсон хүүхдүүдэд тусалж байна. Монголчууд бусдад тусалъя гэсэн сайхан сэтгэлтэй ард түмэн. Бусдад өөрийн бололцоо, боломжоороо тусалж байгаа маш олон хүн бий.
-Саяхан малчны хотонд очиж хүмүүнлэгийн тусламж үзүүлээд ирсэн гэж байна. Очсон газар хаваржаа хэр болж байна вэ?
-Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтраад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Төв аймгийг зориод ирлээ. Малчны хотонд төлийн дуу цангинаж, хаваржаа сайхан болж байна. Бид Төв аймгийн Баянцагаан сумын малчин Г.Уртнасан гуайн гэрт очиж хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Г.Уртнасан гуай олон жил мал ДУГААРЫН ЗОЧИН дагаж, насаараа малчин хийж байгаа хүн юм билээ. Орчин үед автомашин, мотоциклээр мал хариулдаг болсон. Гэтэл Г.Уртнасан гуай бол уламжлалт аргаар мал, аж ахуйгаа эрхэлдэгээрээ онцлог байсан. Аав нь улсын тэргүүний малчин хүн байсан юм билээ. Ээжтэйгээ мал маллаж байгаад ээж нь бурхан болсноос хойш ээж, аавынхаа залгамж халааг үргэлжүүлж уламжлалт аргаар мал маллаж байгаа нь бахархмаар санагдсан. Гэр бүл зохиож амжаагүй, үр хүүхэдгүй энэ хүнд очиж тусаллаа. Г.Уртнасан гуай баяртай хүлээж авсан.
-Жижиг тус гэж байдаггүй. Хэрэгтэй, шаардлагатай үед нь тусласан тус хамгийн их ач хариулсан тус байдаг болов уу. Бусдад туслаад явж байхдаа авч байгаа мэдрэмж сайхан байдаг байх?
-“Тархи авахаар баярладаг. Зүрх өгөхөөр баярладаг” гэдэг сайхан үг байдаг. Хүнд туслах шиг сайхан зүйл байхгүй. Бусдад тусалж байхдаа урмын, баярласан чин сэтгэлийн үг хүлээж авах л хамгийн сайхан байдаг. Тэр мэдрэмжийг зүйрлэж хэлэх үг ховор.
-Ярилцсанд баярлалаа. Н.Цэлмүүн