Одоогоос жил гаруйн өмнө бяцхан охин минь манай гэр бүлд баяр хөөр авч ирсэн юм. Улсын 1-р амаржих газар төрсөн даруйд нь төрөлхийн зүрхний цоорхойтой байгааг оношилж, ой хүрэнгүүт нь ЭХЭМҮТ-д үзүүлээрэй гэлээ. Ихэнх тохиолдолд энэ цоорхой нь хүүхэд төрсөн даруйд хаагддаг, зарим тохиолдолд ой хүрсэн хойно бүрэн хаагддаг гэсэн болохоор нөхөр бид хоёр ч нэг их санаа зовсонгүй, битүүрчих байх гэсэн итгэлтэй байлаа. Ой хүрэнгүүт нь одоо хаагдчихсан байхаа гэхдээ юмыг яаж мэдэхэв үзүүлэхэд илүүдэхгүй гээд ЭХЭМҮТ-д яваад очтол цоорхой нь хаагдаагүй, хэмжээ нь хэвэндээ байсан юм. Манай охины хувьд PDA гэсэн оноштой, бие организмд нь ямар нэг зовиургүй ч жингийн хувьд үеийнхнээсээ алдагдалтай учир дархлаа сул, өвчлөмтгий, ханиад томуу амархан хүрдэг байв. Ингээд гэр бүлээрээ ийм оноштой өөрөөрөө хаагдсан болон мэсийн аргаар эдгэсэн хүүхдүүд хайж, зүрхний цоорхойны талаар чадлаараа судалж эхэлсэн юм. Ингэж явахдаа ЭХЭМҮТ-д хяналтанд байсан эмч маань дурангийн хагалгаанд орох боломж байгааг хэлсэн ч цоорхой нөхөх багаж нь таарахгүй байж магадгүй гэсэн нь гол айдас, эргэлзээ төрүүлсэн юм.
ямар ч эцэг эх үр хүүхдээ бүтэн унтуулганд оруулан барин цоорхойг нь нөхөх боломжгүй юм байна аа, багаж нь таарсангүй ээ гэсэн хариу сонсохыг хүсэхгүй шүү дээ
Бод доо, ямар ч эцэг эх үр хүүхдээ бүтэн унтуулганд оруулан барин цоорхойг нь нөхөх боломжгүй юм байна аа, багаж нь таарсангүй ээ гэсэн хариу сонсохыг хүсэхгүй шүү дээ. Ийм эрсдэлтэй боломж байгааг сонсоод хэсэг харзнан өөр боломж хайлаа. Тэрний хүүхэд тэр улс руу эмчилгээнд яваад эдгэсэн гэнэ лээ, судлаад үзээрэй гэхчлэн хавь ойрын хүмүүсийн хэлж өгсөн зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчилгээнд авч явдаг, зуучилдаг хэд хэдэн газар бүртгүүллээ. Харин бүртгүүлсэн газрууд маань харьцангуй хүнд хүүхдүүд эмчилгээнд авч явдгаас гадна манай хүүхдийн онош таараагүй юм. Азаар сошиал орчин хөгжсөн энэ цаг үед амьдарч байгаа нь сайхан боломжийг олж харах эхлэлийг тавьж өглөө. “Зүрхний гажигтай хүмүүсийн мэдээлэл солилцох групп”-ийн бүх пост, сэтгэгдэл зэргийг алгасалгүй уншиж яваад Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) дээр БНХАУ-аас зүрхний мэс заслын эмч нар ирж үзлэг хийх тухай уншаад, шалавхан утасдаж бүртгүүллээ. Өмнө нь үзүүлж байсан төсөл хөтөлбөрүүдэд манай охины онош бусад хүүхдийнхийг бодвол харьцангуй хөнгөн байна гэж үзээд хасагдаж байсан болохоор энэ удаад тэнцэнэ гэсэн итгэл бага байсан ч итгэл найдвар тээсээр очлоо. Үзүүлэх явцдаа охин минь сонгогдохгүй байж магадгүй гэж бодон эмчийн хэл амыг сугалчих шахам өвчнийх нь талаар хангалтай мэдээлэл олж авах гэж хичээлээ. Цоорхой нь өөрөө битүүрдэг гэж сонссон, агаарт сайн гаргаад байвал битүүрэх магадлал хэр вэ гэхчлэн олон зүйл асуусан. Харин эмч маань төвөгшөөлгүй бүх асуултанд минь хариулт өгсөн. Зөвхөн мэсийн аргаар ийм цоорхойг битүүлдэг юм аа гэж хэлсэн эмчийн үг дахиад л сэтгэл өвтгөлөө. Ингээд хэд хоногийн дараа буюу МУЗН-ээс ярьсан өдөр манай гэр бүлийн хувьд баяр хөөр дүүрэн, тэмдэглэлт өдөр шиг л боллоо. Охин маань эмчилгээнд явахаар сонгогджээ. Итгэж ядаад эргэж залган хүүхдээ овог нэртэй нь дахин лавлуулаад л… Эцэг эхчүүд биднийг сэтгэл санаагаа л бэлдэхийг сануулж бусад бүх зардлыг энэ төсөл хариуцна гэж хэлсэн нь хүсэл биелүүлдэг шидтэнүүд шиг л санагдаж билээ. Энэхүү төсөл маань ‘’Сахиусан тэнгэрийн аялал Монголд’’ нэртэй байсныг онгоцны буудал дээр очоод мэдлээ. Цаг гаруй нисэж Бээжин хотод газардлаа. Хятад улс энэ төслөө их онцгойлон авч үзэж байгаа нь онгоцноос буунгуут л мэдэгдэж байлаа. Хүлээлгэнд оролгүй шуудхан л нэвтрүүлж, ачаа тээшийг маань зөөж өгч, хэвлэл мэдээллийнхэн, Хятадын Улаан загалмайн хүмүүс, Анжен эмнэлгийн төлөөлөл гээд маш олон хүн угтаж авсан юм. Ингээд онгоцны буудал дээрээс нэгдсэн журмаар автобусанд суугаад Анжен эмнэлгийг зорьлоо. Манайхаар бол хувийн эмнэлэг шиг дотоод засалтай эмнэлгийн бүтэн нэг тасгийг зөвхөн бид нарт зориулан тохижуулсан байлаа. Хүүхдүүдийн жин, өндрийг нэг бүрчлэн үзэж, бүртгэлээ баталгаажуулж, тус тусын өрөөнд хувиарлалаа. Маргаашнаас нь эхлээд хүүхдүүд маань хагалгаанд ороход бэлдэж шаардлагатай шинжилгээнүүдээ өгсөн юм. Хүүхэд бүрийг биеийн байдал, оношоос нь шалтгаалан 5,5-аар нь групп болгон хагалгааны товыг гаргасан байлаа. Эхний хүүхэд хагалгаанд орох өдрийн орой удирдах, хагалгаа хийх эмч сувилагч нар эцэг эхчүүдтэй нь уулзаж нөхцөл байдлыг тайлбарлаж, гарын үсэг зуруулж, хагалгааны өмнө бэлдэх шаардлагатай зүйлсийг сануулж байлаа. Иймэрхүү чухал үеүүдэд мэдээж хамгийн чухал хүн бол орчуулагч. Энэ төсөл бидэнд зориулж ирсэн өдрөөс, явах өдөр хүртэл орчуулагч хамт байрлуулсан юм. Үүнээс гадна МУЗН-ээс биднийг ахлан ирсэн Энхзаяа хэмээх бүсгүй Хятад хэлтэй учир хэл нэвтрэлцэх тал дээр асуудал гарсангүй. Анжен эмнэлэг нь Хятад улсдаа эхний аравт багтдаг зүрхний томоохон улсын эмнэлгийн нэг болохоор эцэг эхчүүд бид эмч нарын ур чадварт эргэлзэх зүйл байсангүй. Эхний хүүхдүүд маань хагалгаанд орсон үед эцэг эхчүүд бид бүгд сэтгэл түгшин чих тавьсны эцэст сайхан мэдээ ар араасаа цуварлаа. Анжен эмнэлгийн ажилчид өглөө 7 цаг гэхэд аль хэдийн цугларсан байдаг. Учир нь өглөөний цай яг 7 цагт ирдэг юм. Өглөө бүр асрагч нар бөөн бөөнөөрөө өрөөнд орж ирээд орны цагаан хэрэглэл дээрх хогийг хамж авна. Ингээд өдрийн хоолны дараа цагаан цаасан дээр Монголоор хүүхэд тань өчигдөр өдрийн хоёр цагаас хойш өнөөдрийн хоёр цаг хүртэл хэдэн удаа хүндээр бие зассан бэ гэх асуулттай орж ирэнгээ, халууныг нь үзээд гардаг байлаа. Охин маань хагалгаанд орохын өмнөх өдөр идсэн зүйлээсээ болж хордлого аваад хагалгааны тов нь хойшлогдсон ч эмч нар даруй арга хэмжээ авч тасралтгүй 4 өдөр дусал, тариа хийсний дараа бие нь тэнхэрч хэвийн байдалдаа орлоо. Хүүхдүүдийн маань хагалгаа ар араасаа амжилттай болсоор манай охины орох өдөр ирлээ. Дээр дурдсанчлан гарын үсэг зурж, хагалгааны дараа ямар хүндрэлүүд гарч болох, юун дээр анхаарах гээд шаардлагатай зүйлсийг орчуулагчийнхаа тусламжтайгаар эмчээсээ мэдэж авлаа. Ийм жижиг цоорхойг мэсийн аргаар нөхөх шаардлагагүй, эрүүл хүүхдээс ялгаагүй гэж манай охинтой ижил оноштой нэг хүүхдийг Америк эмч үзээд хэлсэн талаар эмчдээ хэлтэл ирээдүйд гарч болох эрсдлүүдийг хэлж өгсөн нь бидний эргэлзээг нэг мөр тайллаа. Анжен эмнэлэг өдөр бүр 150 гаруй хүнд хагалгаа хийдэг, танай охины дурангийн хагалгаа бол хөнгөн хэлбэрийн, богино хугацааны мэс ажилбар болно, айлтгүй гэж эмч хэлээд охиныг маань хагалгааны өрөө рүү аваад орлоо. Цаг 20 минутын дараа эмч охиныг маань ортой нь түрсээр, амжилттай болсон гэж толгой дохисоор гарч ирлээ. Нөхөр бид хоёр тэрхэн агшинд энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс болж, өөрийн эрхгүй инээмсэглэж, эмч нартаа талархсанаа илэрхийллээ. Хамт очсон хүүхдүүдийг бодвол охины маань хагалгааны дараа гарч болох хүндрэл харьцангуй бага байсан тул шууд тасагтаа шилжлээ. Хагалгаа хийсэн эмч ирж охины биеийн байдлыг үзээд, цаашид ямар гам барих талаар хэлж өгч, 6 сарын дараагаас жин нэмж эхлэнээ гэх баяртай мэдээг дуулгаад маргааш өглөө нь Африк руу тусламжийн гараа сунгахаар явсан юм. Бусад хүүхдийн хувьд хагалгаанаас гараад сэхээ, эрчимт гэж дамжаад тасагтаа ирж байсан. Эмнэлэгт ирээд хэсэг хугацаа өнгөрсний дараа бид бүгд хоорондоо маш дотно болж нэгэндээ шаардлагатай байгаа зүйлсээр нь харилцан туслалцаж, нэгнийхээ сэтгэл санааг дэмжиж, нэгэн гэр бүл шиг л дотно болсон байсан. Өдөр бүр өөрсдийгөө, хүүхдүүдээ ямар азтай, хувьтай хүмүүс вэ гэж баярлаж, инээж хөөрөлдөнө. Хэн бүхэнд ийм том аз завшаан тохиохгүй шүү дээ. Эмнэлэгт зарим зүйлс өдөр бүр давтагддаг тул сүүлдээ Анжен эмнэлгийн эмч, сувилагч нартай ч харцаараа ойлголцдог шахуу болж, дотно сайхан харилцаатай боллоо. Ор болгоны дээр сувилагч, асрагч дууддаг товчлууртай. Дусал, тариа хийлгэх, яаралтай, шаардлагатай үед товчлуураа дарахад л хангалттай. Өрөө бүр нойл, душтэй, улсын эмнэлэг гэхэд хувийн эмнэлэг шиг тохижуулсан, асрагч, сувилагч нар болон эмнэлгийн бусад ажилчид ажилдаа түүртсэн, бухимдсан, төвөгшөөсөн үйлдэл биднийг байх хугацаанд нэг ч удаа гаргаагүй. Тавих ёстой шаардлагаа эелдгээр тайлбарлаж хэлж өгдөг. Хэзээ ч тулган шаарддаггүй. Мэргэжлийн ёс зүйн хувьд маш сайн бэлтгэгдсэн санагдсан шүү. Манай эмнэлгийн байгууллагуудад үгүйлэгдэж буй олон зүйлийг тэндээс олж харсанаа нуух юун. сүүлчийн групп хүүхдүүдийн маань хагалгаа амжилттай болж Анжен эмнэлгийн эмч сувилагч нар, Хятдын УЗНийнхэн, МУЗН-ээс биднийг эргэж ирсэн төслийн удирдлагууд нартай дурсгалын зураг татуулж, талархсанаа илэрхийлээд эх нутгийн зүг баярын нулимстай буцлаа. Их үйлсийн эхлэлийг тавьсан МУЗН-ийн нийт хамт олон тэр дундаа төслийн ахлагч, Гантулга, өдөр, шөнийн бүхий л цаг үед хамт байж, бидний нүд чих ам болж байсан төслийн ажилтан, орчуулагч Энхзаяа, Өвөрмонгол орчуулагч Буяннэмэх нартаа нийт эцэг эх, хүүхдүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Та бүхний энэ их үйлс буцаад ирэхдээ хур бороо мэт асгарах болтугай.
Хүндэтгэсэн Эгшиглэн охины ээж: Э.Уянгаа
2018.12.25