“Сахиусан тэнгэрийн аялал- Монголд” төслийн эхний ээлжийн 28 хүүхэд Бээжин хотыг зорилоо

Нийтэлсэн өдөр: 2018.11.20, мягмар

Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын Улаан загалмайн  сангийн хамтын ажиллагааны хүрээнд  100 төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийг хагалгаанд оруулж, эмчлэх сангийн “Сахиусан тэнгэрийн  аялал- Монголд” төслийг хоёрдахь жилдээ  хэрэгжүүлж байгаа билээ.


Энэхүү төслийн хоёрдугаар ээлжийн  эхний 28 хүүхэд  энэ сарын 21-ний өдөр Бээжин хотыг зорилоо. Тэднийг Чингис хаан нисэх онгоцны буудлаас гаргаж өгөв.  Хагалгаанд орох хүүхэд болон эцэг, эх аль нэгний асран хамгаалагчийн онгоцны зардлыг “Эйр чайна компани”  50 хувь хөнгөлж өгчээ. Эдгээр хүүхдүүдийн хамгийн бага нь 5 сартай, хамгийн том нь Хэнтий аймгийн Борнуураас ирсэн 9 дүгээр ангийн охин байлаа. Бүгд л ямар нэгэн зовиуртай эмнэлгийн хяналтад төрсөн цагаасаа хойш явж буй хүүхдүүд юм.  Тэд бол хагалгааны зардлаа төлөх боломжгүй эсвэл хагалгаа хийх эрсдэлийг даахад эргэлзээтэй хүүхдүүд  юм.  Гэвч  Анжень эмнэлгийн зүрхний мэс заслын туршлагатай эмч нар өөрсдөө ирж үзлэг хийж хүүхдүүдээ сонгодог. Тиймэс   хагалгаа хийгээд эдгэх боломжтой гэсэн хүүхдүүдийг сонгожээ.  Эмч  нар “хагалгаа амжилттай болно, бид сонголоо. Хүүхэд чинь бүрэн эдгэрнэ” гэсэн хариуг авсан эцэг,  эхчүүдийн итгэлийн найдвар сэргэж,  баяр хөөрөөр дүүрэн явцгааж байна.



Х.Маралмаа 8 настай , ээж  Ц.Үрэлмаагийн хамт явж байна. Охин өнгөрсөн хугацаанд бүхий л сайн гэсэн эмч, эмнэлэгт үзүүлсэн байна.  Гэвч зүрхний донор олохоос өөр эмчилгээ байхгүй гэсэн хариутай олон жил явжээ. Харин жилийн өмнөхөн Монголд ирсэн  Энэхтхэг эмч нарт үзүүлэхэд донорын шаардлага байхгүй, хагалгаанд орох боломжтой гэсэн хариу авсан байна. Гэвч хагалгаа хийхэд эрсдэлтэй байж болзошгүй, охиноо өвчтэй ч гэсэн хараад явж байя гээд хагалгаа хийхийг урьтал болгоогүй гэнэ. Гэвч охины  амь нас дээсэн дөрөөн дээр буй учир санаа зовсон эцэг эх энэхүү төслийн үйл ажиллагааг сонсоод МУЗН-д ирж БНХАУ-ын эмч нарт үзүүлсэн байна. Эмч нар охин чинь эдгэнэ, хагалгаа хийхэд асуудалгүй гэсэн итгэлтэй үгийг сонсоод ихэд баярлажээ. Охины  “ээжээ би унтаад  сэрээд л эв эрүүл болно” гэсэн үгийг сонссон  эхэд итгэл найдвар төрж,  ийнхүү охиноо эрүүл саруул болгоод ирнэ гэсэн бүрэн итгэлтэй Бээжин хотыг зорьж байна.