“Өрх бүрт- нэг гэр” цогцолбор нээлтээ хийлээ

Нийтэлсэн өдөр: 2018.08.27, даваа

“Өрх бүрт-  нэг гэр” төслийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улаан загалмай хороо болон тус хорооны зөвлөх Италийн иргэн Дэвид Беллаталла нарын санаачлагаар гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ.


Энэхүү төсөл нь гэр  оронгүй  нэн эмзэг  бүлгийн  иргэдийг  орон гэртэй  болгож,  амьдрах  ухаанд сургаж,  нийгэмшүүлэн,  хүүхдийн  боловсрол,  эрүүл мэнд. өрхийн  амьдралын  чанарыг  дээшлүүлэхэд  дэмжлэг  үзүүлэх   зорилготой юм.

Нийслэлийн  Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт гаднах орчны тохижилтыг бүрэн хийсэн 10 гэрт гэр  оронгүй,  хөгжлийн  бэрхшээлтэй,  16-аас  доош  насны олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон гэр бүлүүд орох юм. Хоёр гэрт нь амьдрах ухааны сургалт болон хүмүүнлэгийн бусад үйл ажиллагааг зохион байгуулахаар барьсан байна.


Төслийн нээлтийн ажиллагаанд  шалгуурт нийцэж сонгогдсон  10 өрхөөс  7 өрхийн  гишүүд ирсэн байлаа. Зөвхөн энэ долоон  өрхийн  35 хүнээс   насанд  хүрэгсэд  13,  0-16 насны  хүүхэд  22,   хөгжлийн  бэрхшээлтэй  7 хүн  байлаа.  

Хоёр жилийн хугацаанд өрхийн  гишүүд    амьдрах  ухаан,  мэргэжлийн чиг  баримжаа  олгох   олон  төрлийн сургалтад хамрагдаж,  цаашид бие даан амьдрах чиг баримжаатай болох  юм.    Эдгээр өрхүүдэд 2 жилийн дараа тухайн гэрийг нь бэлэглэж, өөр газарт шилжүүлэх ажээ.   Үүний дараа нь  төслийг дахин эхлүүлж,  дахин 10 айлыг сонгох замаар үргэлжилнэ. 


Төслийг хэрэгжүүлэхэд  Италийн хүмүүнлэгийн  байгууллага  болох   NEED  YOU ONLUS, MONTURA  болон  тус улсын олон  иргэн  дэмжиж,  санхүүжүүлжээ.  

Цаашдын  үйл  ажиллагааг  эдгээр  байгууллага  хүмүүс болон  “Ротари  Улаанбаатар  төв”   клуб  дэмжиж,  хамтран  ажиллана.


Нээлтийн  үйл ажиллагаанд  УИХ-ын  дэд  дарга Б. Энх-Амгалан, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Б.Баярчимэг,   Итали  Улсаас  Монгол  Улс дахь  Элчин  сайдын  яамны төлөөлөл   Dottor  Gennaro   Nappo, нийслэлийн  Чингэлтэй  дүүргийн  Засаг  даргын  тамгын  дарга,  төр-Улаан загалмайн  хамтын ажиллагааны  салбар  зөвлөлийн  дарга А.Дамцагдорж    болон  Итали Улсын хандивлагчдын  төлөөлөл,  “Ротари Улаанбаатар”  төв  клубын  ерөнхийлөгч  Д.Ганцэцэг тэргүүтэй  гишүүд,  Монголын  хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдийн  нэгдсэн  холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар,  Бээжингийн  пара  олимпийн  алтан  медальт   Д. Баатаржав  нарын хүмүүс   оролцлоо.