Дорноговь аймагт Хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Нийтэлсэн өдөр: 2018.08.15, лхагва

2018 оны 8-р сарын 11-ээс 12-ныг шилжих шөнө аадар бороо орсоны улмаас Айраг сумын төв үерийн аюул үүсч, айл өрхүүдийн гэр орон усанд автсан байна.

Үерийн голомтод 20 гаруй айл өртсөн бөгөөд гэр орон, эд хогшлоо авах ямар ч боломжгүй болсоноос гадна айлуудын нүхэн жорлон дүүрч хальсан нөхцөл байдалтай байлаа.


Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатарын чиглэлийн гал тэрэгний зам хүчтэй аадар борооны улмаас нурж урссаны улмаас тухайн замд явж байсан гал тэрэгний вагон унасан бөгөөд нийт 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Унасан гал тэрэгийг босгох, замыг засах ажилд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн анги, Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллагууд ажиллаж сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулж байна.

МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ахлагч Ш.Мөнгөнтуяа болон Үндэсний нийгэмлэгийн гамшигтай тэмцэх багийн гишүүн Ч.Нямсамбуу, Б.Эрдэнэбилэг нар 2018 оны 8-р сарын 13-14-ний хооронд Айраг суманд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр танилцав.


Төмөр замын аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилгоор ажиллаж байгаа албан хаагчдад хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах зорилгоор МУЗН-ээс 1,2 сая төгрөгний өртөг бүхий 22 хос усны гутал, 10 ширхэг усны цув зэргийг олгоод байна.

Мөн үерийн голомтод өртсөн 20 өрхөд гал тогооны багц, хөнжил, хүүхдийн гутал зэрэг нийт 3,9 сая төгрөгний өртөг бүхий хүмүүнлэгийн тусламжийн барааг олголоо.