Сайн дурын идэвхтнүүдэд талархал илэрхийллээ

Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын үеэр МУЗН 250 Сайн дурын идэвхтэнг бэлтгэн ажиллуулсан билээ. Эдгээр 250 сайн дурын идэвхтэнг МУЗН шат дараалсан сургалтуудад хамруулан сарын турш 4 ээлжээр бэлтгэсэн. Сайн дурын идэвхтнүүд энэхүү олон улсын хурлын зохион байгуулалтад идэвх зүтгэлтэй ажилласан тул Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, МУЗН-ээс өнөөдөр тусгайлан талархал илэрхийлэв.



Азийн сайд нарын бага хуралд гадаадын 2000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэднийг нисэх буудалд газардахад нь угтан авахаас эхлээд хурлын үйл ажиллагаанд оролцох үеэр туслалцаа үзүүлэх, буцахад нь үдэж мордуулах гээд Монгол Улсад байх бүхий л хугацаанд хэлмэрчлэх, газарчлах болон бусад ажил хэрэгч үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд сайн дурын ажилтнууд буюу Монголын их, дээд сургуулийн оюутнуудын гүйцэтгэсэн үүрэг маш их байсныг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал дэвшүүлсэн билээ.
Уг ёслол Төрийн ордны Их танхимд болж, Шадар сайдын Ажлын албаны дарга Л.Саянаа, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар хүрэлцэн ирж Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай элч Мами Мизүтори, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын гарын үсэг бүхий Талархлын бичгийг хүндэтгэлтэйгээр гардууллаа.