“Red goes Creen” хүлээн авалт боллоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй Улаан загалмайчид болон энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулж буй Шадар сайдын ажлын алба, Гадаад хэргийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, ажилтнуудад оролцсон “Red goes Creen” хүлээн авалтыг зохион байгууллаа. 



Энэхүү бага хуралд Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази номхон далайн бүсийн төлөөлөгчид, Олон улсын Улаан загалмай хороо болон зарим үндэсний нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм. 
Тухайлбал, Ази номхон далайн бүсийн захирал Хавиэр Кастеяанос, дэд захирал Мартин Фаллер, Шведийн Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Маргарита Вольстром, Балбын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Жүди Слатер, Ази номхон далайн бүсийн Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны зохицуулагч Сана Салмела Экштэйн, Филлиппиний Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Оскар Палабъяб зэрэг хүмүүс хүрэлцэн ирсэн. 


МУЗН бага хурлын үеэр ажиллах 250 Сайн дурын идэвхтэнг шат дараалсан сургалтуудаар бэлтгэн ажиллуулж байгаа юм. 
МУЗН-ийн Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Red goes Creen” хүлээн авалтад оролцож үг хэллээ. Тэрбээр, уур амьсгалын өөрчлөлт зөвхөн Монгол оронд бус бусад олон оронд болж, тухайн улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд хүчтэй нөлөөлж байна. Улмаар гамшгийн хэмжээнд хүрч, түүнээс урьдчилан сэргийлэх, даван туулахын тулд хувь хүн, улс орон, бүс нутгаараа нэгдэн нэгэн зорилго, үйл ажиллагааны төлөө тэмцэхэд бид даван туулж чадна. Гамшгийн аливаа эрсдэлийг хүмүүс бид нуруун дээрээ үүрч гарч байна. Цаг уурын өөрчлөлтөөс улбаалсан гамшиг эко тогтолцоог алдагдуулж, усны нөөцийг хомсдуулж, амьд амьтанг устгаж үгүй хийж байна. Энэ бүхэн хүний ахуй амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Монгол орны хувьд хүн амын 30 гаруй хувь нь мал аж ахуйгаас бүрэн хамааралтай аж төрж байна. Өвлийн хүнд хэцүү байгалийн үзэгдэл болох зудад жил дараалан нэрвэгдэж, ахуй амьжиргаа ихээхэн дордох боллоо. Тиймээс байгалийн гамшгийг олон нийтээрээ хамтран, төр засагтайгаа нэгдэх зэрэг бүхий л хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэн тэмцэх хэрэгтэй байна. Бид ухаалгаар асуудлыг шийдэж, хамтран ажиллах хэрэгтэй гэв. 



Мөн зарим үндэсний нийгэмлэгийн төлөөлөгчид үг хэллээ. Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Жүди Слатер өөрийн улс орондоо гамшгийн эрсдэлийг даван туулах ямар арга хэлбэрээр ажиллаж буй талаараа товчхон танилцуулж, дараагийн Гамшгийн эрсдэлийг бууруулах сайд нарын хурлын зохион байгуулах эрхийг авсандаа талархаж буйгаа илэрхийллээ. 
“Red goes Creen” хүлээн авалт, уулзалтын үйл ажиллагааг Ази номхон далайн бүсийн захирал Хавиэр Кастеяанос удирдан зохион байгууллаа. Мөн энэ үеэр МУЗН үйл ажиллагаагаа танилцуулж, Хүүхэд залуучуудын хөдөлгөөн флашмоб бүжиглэлээ. Энэхүү бүжгээрээ гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхийг бэхжүүлэх олон нийтийн оролцоог уриалсан байна.